Дэлхий нийтээр..
Жендэрийн мэдрэмжтэй хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх талаар ярилцлаа
Улсын Их Хурлын Тамгын газар, Олон Улсын Парламентын холбоотой (ОУПХ) хамтран Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах талаар семинарыг 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Семинарыг нээж УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг үг хэллээ. Тэрбээр, Жендэрийн мэдрэмжтэй хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх нь парламентын хөгжлийн чухал үзүүлэлт байдаг. Монгол Улсын хувьд 1924 онд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хүлээн зөвшөөрч эмэгтэйчүүдийн сонгох эрхийг баталгаажуулсан хэмээн онцоллоо. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан үнэлгээнүүдээс харахад Монгол Улс дахь жендэрийн үзүүлэлт харьцангуй хоцрогдолтой байдаг. Тухайлбал, дэлхийн жендэрийн зөрөөтэй байдлын 2022 оны индекст Монгол Улс 146 орноос 70-р байранд орсон байдаг. Монгол Улсад 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсанаас хойш 12 жил өнгөрсөн. Гэтэл Монгол Улсын парламент дахь эмэгтэй төлөөлөл 17 хувьтай байна. УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн төрийн шууд болон шууд бус санхүүжилтийн хэлбэрүүдийг суулгах, квотыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгахаар ажиллаж байна гэлээ. Өнөөдрийн семинарт УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд хамтран ажиллаж, Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн тэгш байдлыг хангахад томоохон алхам болно гэдэгт Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд итгэж байна гэлээ.
“ОУПХ-ны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх чиглэлээр хийсэн ажил”-ын талаар ОУПХ-ны Жендэрийн хөтөлбөрийн менежер Мариана Дуартэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Олон Улсын Парламентын Холбооны үндсэн зорилт гэдгийг онцолсон. Тус зорилтыг хэрэгжүүлэхэд ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрөөс баталсан бүтэц, бодлогын баримт бичгийг дагаж мөрддөг. Эдгээр баримт бичгийн нэг нь 2012 онд ОУПХ-ны гишүүн орнууд санал нэгтэй баталсан Жендэрийн мэдрэмжтэй парламентуудын үйл ажиллагааны төлөвлөгөө гэлээ. Төлөвлөгөө батлагдсанаас хойш хэд хэдэн парламент ажиллах арга барилаа эргэн харж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр шинэчлэл хийсэн. Төлөвлөгөө батлагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 10 дугаар сард Руанда Улсад болсон ОУПХ-ны 145 дугаар Ассамблейгаас Кигалийн тунхаглалыг баталсан. Монгол Улсын Их Хурал парламентын жендэрийн мэдрэмжтэй байдлын өөрийн үнэлгээг хийхийг зорьж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал хэмээн үзэж байна гэдгээ илэрхийллээ. Хатагтай Мариана Дуартэ үргэлжлүүлэн “Өөрийн үнэлгээ хийх арга зүй, түүнийг Монголын нөхцөлд тохируулах нь” сэдвийн хүрээнд танилцуулга хийсэн. Тэрбээр, спикер, парламентын зөвлөл, парламентын гишүүдийн бүлэг үнэлгээг хангалттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь чухал хэмээсэн. Санал болгож буй өөрчлөлтөд үндэслэлтэй, дэмжлэг авахуйц байхын тулд оролцоог хангасан байх шаардлагатай гэлээ.
Харин үргэлжлүүлэн “Хүний эрхийн өөрийн үнэлгээ хийх үйл ажиллагаа, үндсэн ойлголтууд”-ын талаар ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан Бутайна Ламхарзи танилцуулсан. Тэрбээр Хүний эрхийг хангаж, хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд парламент голлох үүрэгтэй гэж хэлсэн. ОУПХ-ны Хүний эрхийн өөрийн үнэлгээний аргачлал нь Олон Улсын хүний эрхийн хэм хэмжээ, механизмын талаар парламентын түвшинд хэр зэрэг ойлголт мэдлэгтэй байгаа, парламентын үйл ажиллагаа, журам, бүтцэд юуг хэрхэн тусгасан байгааг үнэлэхэд парламент болон түүний гишүүдэд туслах зорилготой хэмээлээ. Энэхүү үнэлгээг хийснээр Монгол Улсын Их Хурлын сайн туршлага, дутагдлыг олж тогтоох, хүний эрхийн талаар ойлголтоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа тусгах шаардлагатай хүний эрхийн асуудлуудыг тодорхойлох боломжийг олгоно гэдгийг илтгэлдээ танилцуулсан.
Хэлэлцүүлэгт оролцогчид жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх, парламентын өөрийн үнэлгээнд тусгах ёстой үйл ажиллагааны чиглэл болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Илтгэгчид жендэрийн тэгш байдлын бий болгох нь аль нэг хүйсэд давуу байдлыг олгож байгаа хэрэг биш харин жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, жендэрийн мэдрэмжтэй төлөөлөл парламентад бий болгоход оршиж байгаа хэмээлээ.
Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах семинарыг хааж Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал болон Олон Улсын парламентын холбоо харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны наймдугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Өнгөрсөн хугацаанд ОУПХ, УИХ-ын Тамгын газрын хоорондын хамтын ажиллагаа чухал үр дүнтэй арга хэмжээнүүд зохион байгуулсан. Тухайлбал, “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт цахим хэлэлцүүлэг хийсэн. Энэ уулзалтын үр дүнд Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын харилцаа, хамтын ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарсан гэж бид үнэлж байгаа. Харин өнөөдөр зохион байгуулж байгаа цахим семинарын үр дүнд Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэхэд 2023 онд Улсын Их Хурал хоёр томоохон арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт хүний эрхийн өөрийн үнэлгээ хийнэ, хоёрдугаарт жендэрийн мэдрэмжтэй байдлын үнэлгээг хийнэ. Энэхүү ажлыг ОУПХ, үндэсний мэргэшсэн экспертүүдтэй хамтран хэрэгжүүлнэ. Энэ үнэлгээ бол Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын стратеги төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж итгэж байна гэлээ.
Жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламентыг төлөвшүүлэх парламентын өөрийн үнэлгээний бэлтгэл ажлыг хангах цахим болон танхим хосолсон семинарт Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Олон Улсын Парламентын холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн Үндэсний хорооны 100 гаруй албан хаагч оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Үйл явдал2024/08/29
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа хос алтан медаль хүртлээ
-
Дэлхий нийтээр..2019/11/29
"Шинэ хөдөө" төсөл Булганчуудад тайлангаа тавив
-
Үйл явдал2021/03/24
Өнөөдөр сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
-
Дэлхий нийтээр..2021/03/20
Цэцэд санаархсан “хараат” нэр дэвшигчид хэн нь хэн бэ
