Дэлхий нийтээр..
Он гарсаар 23 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна
Улсын хэмжээнд 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг найман аймгийн 17 суманд 23 удаагийн хээрийн гал түймэр бүртгэгдсэн.
Өнөөдрийн байдлаар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Гал түймрийг унтраах ажиллагаанд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод, Сүхбаатар аймгуудийн Хилийн цэргийн ангиуд, Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд, иргэд нийт 374 хүн, 40 автомашинтайгаар ажиллаж байгаа юм.
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас гал түймрийн тархалт нэмэгдэж байгаа тул унтраах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэхээр Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид замд гарсан бол ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Үндэсний аврах бригадын 25 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг //МИ-171/-ээр түймрийн голомт руу нисэхээр бэлдэж байна.
Мөн дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймэр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Эдгээр түймрийн голомтуудад тус аймгуудын Онцгой байдлын газар, орон нутгийн иргэд, нийтдээ 173 хүн ажиллаж байгаа юм.
Түүнчлэн ойрын өдрүүдэд нийт нутгаар салхины хурд ихтэй байгаагаас хээрийн түймрийн тархалт, эрчимшил ихтэй байна.
Иймд, иргэд та бүхэн ой, хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байж,
-Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурамыг бүрэн унтраах
-Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
-Түймрийн хуурайшилт ихтэй энэ үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
-Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
-Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах,шороон зурвас гаргах
-Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
-Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2022/10/05
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2025/07/03
Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хоёр хоног хааж, шинэчилнэ...
-
Үйл явдал2022/08/05
Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
-
Үйл явдал2020/07/24
Амны хаалт зүүхээс татгалзаж болохгүй
