Дэлхий нийтээр..
УИХ: Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
УИХ-ын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.
Уг хуралдаанаас гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. …” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргасан гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулсан.
Тэрбээр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар дурдаад дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, хариулт авсан гэлээ.
Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тул хүлээн аач хуулийн холбогдох заалтыг өөрчлөн найруулж, хууль хэрэглээний тал дээр маргаан үүсгэхгүй байх нь зүйтэй гэж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар уг хуулийн зохицуулалт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэлэлцэхтэй холбоотой асуудал биш, иргэдийн төлөөллийг хангах, нөхөн сонгууль явуулах боломжийг нээсэн зохицуулалт тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа иргэдийг төлөөлөх эрх бүхий этгээд гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан бол даруй шийдвэрлэх зохицуулалтыг хуульд тусгаж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн хуулийн нэр томьёо хоёрдмол утга илэрхийлж байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцээс маргаан үүсгэсэн байх магадлалтай бөгөөд Үндсэн хуулийн суурь зарчмыг ямар ч тохиолдолд хэрэгжүүлдэг байх зохицуулалтыг тусгаж холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй хэмээн саналаа илэрхийлжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41,1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.’ гэж заасны "... 41.1.3, ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгеад түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ..." гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дугээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн танилцуулсан бөгөөд тус байнгын хороо Хууль зүйн байнгын хороотой адил Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэрийг Иргэдийн хурлууд хэлэлцэн өөрчлөх тухай асуудал огт байхгүй. Шүүхийн шийдвэр бол эцсийнх. Нөгөө талдаа ард түмний сонголт бас эцсийн шийдвэр. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгч гэсэн ард түмний сонголтоор гарч ирсэн албан тушаалтнууд. Энэ хүмүүсийг сонгох шийдвэрийг ард түмэн гаргасан. Тийм ч учраас ард түмний сонголт эцсийн шийдвэр. Гэм буруугийн асуудлыг ИТХ шийдэхгүй. Энд мэдээж шүүхийн шийдвэр эцсийнх байна. Энэ шийдвэр гарсантай холбоотой ард түмний мандатыг хүчингүйд тооцох шийдвэрийг тухайн ард түмний төлөөллийн байгууллага өөрөө гаргадаг байх утга Үндсэн хуульд шингэсэн байгаа. Тийм учраас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хэлсэн.
Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн УИХ-ын тогтоолыг баталлаа.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2021/08/13
Улаанбаатарт өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Дэлхий нийтээр..2024/07/30
3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгдэв
-
Дэлхий нийтээр..2019/07/19
Улсын хэмжээнд 16,5 сая.мкв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийв
-
Дэлхий нийтээр..2022/11/01
Иргэн та ЭМД-аараа авсан тусламж, үйлчилгээндээ хяналт тавих боломжтой
