Дэлхий нийтээр..
“Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо
Баруун бүсийн түүхэнд хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээсэн “Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцохдоо Монгол Улсын хэмжээнд 2020 оноос хойш ашиглалтад орсон хамгийн том үйлдвэр, хамгийн том бүтээн байгуулалт гэдгийг онцлов.
Тэрбээр дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ховд эко цемент” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байснаа дурсаж, аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлж төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутгийн иргэдийн ая тухтай амьдралыг цогцлоох төр, засгийн залгамж бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй үйлдвэр ашиглалтад орж байгааг тэмдэглэв.
Мөн монголчууд Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих шилжилтийн бодит жишиг эндээс эхэлж, Үйлдвэржилтийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, монголчууд өөрсдөө ийм том бүтээн байгуулалт хийж чаддаг болсныг батлан харуулж чадсаныг хэлэв.
Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 250 мянган тонн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангана.
Мөн 350 шинэ ажлын байр бий болж, шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин, 3,000 орчим иргэний орлого нэмэгдэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн баруун бүсэд “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийг эрчимжүүлж, орон нутагт агаарын бохирдлыг бууруулах, үндэсний инженер, техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх, баруун бүсийн хэрэгцээг хангах, улмаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад экспортлох юм.
Үйлдвэр Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад шаардлагатай цементийг нийлүүлэх, энэ хэрээр өртөг зардлыг бууруулах боломж давхар нээгдэж байна.
Төслийн нийт санхүүжилтийн 70 хувийг төсөл хэрэгжүүлэгч гаргаж, үлдэх 30 орчим хувийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлсэн нь “Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх” зорилтыг хангах Хөгжлийн банкны үндсэн зорилгод нийцсэн төслийн нэг болжээ.
“Ховд эко цемент”-ийн үйлдвэр нь хуурай аргын үйлдвэр бөгөөд түүхий эдээ олборлох, бутлах, нунтаглах, хоорондын найрлагыг нь жигд болгоход ус хэрэглэхгүй, хамгийн сүүлийн үеийн, хамгийн шилдэг технологи бүхий байгаль экологид ээлтэй үйлдвэр юм.
Үйлдвэрийн цех, дамжлага болгон дээр, тоос үүсгэж болох бүх цэгт тоос шүүх байгууламж байршуулсан байна.
“Ховд эко цемент” төслийг “Нью прогресс групп” санаачилж, гүйцэтгэгчээр “Western hold”, “BTIEC” компани ажилласан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрийн хамт олон өнгөрсөн онд 5,000 мод тарьж, 100,000 үрсэлгээ суулгасан байна.
“Ховд эко цемент”-ийн төслийн нийт гаднах талбай 20 га буюу хөлбөмбөгийн 19 талбайтай тэнцэх юм.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2025/07/28
Ерөнхий сайд “Чойр-Мандалговь-Арвайхээр” төслийн Арвайхээрийн хоёр түвшний у...
-
Үйл явдал2025/12/17
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
-
Дэлхий нийтээр..2021/01/26
"Өмнийн говийн хийморь" сонсдог ном хэвлэгдэн гарлаа
-
Дэлхий нийтээр..2023/06/13
УИХ: Байнгын болон түр хороод өнөөдөр хуралдана





