Дэлхий нийтээр..
УИХ: АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.
Засгийн газраас 2022 оны арван нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2022 оны арван хоёрдугаар сарын 02, 08-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулж, гишүүдэд Ш.Адьшаа, Х.Булгантуяа, Т.Доржханд, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцсэн байна. Тухайлбал, төслийн зарим нэр томьёог Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас баталсан нэр томьёоны тодорхойлолт, тайлбартай нийцүүлэн өөрчилжээ. Жуулчны үйлчилгээ үзүүлэгч иргэний үйл ажиллагааг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал болгон өөрчлөн найруулж, тус жуулчлалд нүүдэлчдийн соёл, ахуй, зан заншлыг танилцуулан сурталчлах, зочны гэрээр болон ердийн хөсгөөр үйлчлэх, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хамааруулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг эрхлэгч нь эрх бүхий байгууллагаас баталсан техникийн зохицуулалт, стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж байх шаардлагатай хэмээн үзэж, холбогдох саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.
Тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, байгаль, түүх, соёлын өв, аялал жуулчлалын нөөцийг хамгаалах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн, орон зайн зохистой төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүстэй байх, тус бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа, газар ашиглалтад холбогдох техникийн зохицуулалт, стандартыг мөрдөх, түүнд нийцсэн менежментийн төлөвлөгөөтэй байх нь зүйтэй гэж үзсэн байна.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцогчдыг сургалт, зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах, аялал жуулчлалын байгууллагын ажилтны баримтлах мэргэжлийн ёс зүйн дүрмийг боловсруулж, батлах үндсэн чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байх шаардлагатай хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацыг үндэслэн отоглох цэг байгуулах байршлыг тогтоох талаар төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэх орлогын эх үүсвэр тодорхойгүй тул тусгай сан байгуулах шаардлагагүй гэж үзэн төслөөс уг сантай холбоотой зохицуулалтыг хасах, үүнтэй холбогдуулан дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцааж, Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлж боловсруулах гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Ан агнуурын нөхцөл нь нэлээд хугацаанд зохицуулалтгүй байснаас олон сөрөг үр дагавар гарч байсныг төрөөс зохицуулж, тодорхой менежмент хэрэгжүүлсний үр дүнд хүрээд байгааг Б.Пүрэвдорж гишүүн хэлсэн. Харин төсөлд аргаль хонь, янгир ямаа, идлэг шонхор шувуу, тул загасыг агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар худалдаалах зохицуулалт тусгасан байгааг шүүмжилж, үр дагаварын талаар тайлбарлаад, ямар өөрчлөлт орсон талаар тодруулав. Засгийн газраас орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэн, тухайн жилдээ ан агнуурын тусгай зөвшөөрлийн тоо, толгойг нарийвчлан тогтоох зохицуулалт хийгдэх бөгөөд төсөл дэх холбогдох заалтад өөрчлөлт оруулаагүй гэдэг хариултыг Х.Ганхуяг гишүүн өглөө. УИХ-ын гишүүн П.Анужин, Ц.Даваасүрэн нар төслийн анхны хэлэлцүүлгийн бэлтгэлтэй холбогдуулан санал хэлсэн бол Ж.Чинбүрэн гишүүн эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд төсөлд тусгасан эсэхийг лавлав. Мөн тэрбээр, уламжлалт анагаах ухаан, рашаан, сувилал гэх зэрэг бусад улс орнуудад байхгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэхийн тулд төсөлд “эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар” хэмээн тусгайлан тусгаж, хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтуудыг тусгах шаардлага бий гэдэг саналыг хэлсэн. Төсөлд тусгайлсан зохицуулалт байхгүй ч аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэг хэлбэр гэдэг агуулгыг тусгасан хэмээн Х.Ганхуяг гишүүн хариулт өгсөн. Хуулийн төслийг баталснаар ойрын гурван жилийн хугацаанд дотоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломж бүрдэнэ, энэ хүрээнд эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар ч хамрагдах боломжтой гэлээ. Төслийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналыг Г.Мөнхцэцэг гишүүн илэрхийлэв.
Ийнхүү гишүүд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааны ирц, санал хураалтын мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж байх зохицуулалтын талаар мэдээлэл өгсөн.
Тэрбээр “УИХ-ын гишүүдийн хуралдааны ирц, хууль эцэслэн батлах санал хураалтын мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлж байх шаардлагыг төрийн бус байгууллагууд, иргэдээс удаа дараа ирүүлж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дугаар хэсэгт “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, хүн, хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлнэ” гэж заасан. УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээлэл нь нууцад хамаарахгүй. Харин хуралдааны тэмдэглэлийг албажуулах, нийтлэх, архивт шилжүүлэхэд хугацаа шаардлагатай байдаг. Үүнийгээ Тамгын газарт цэгцэлж, олон нийтэд ил тод болгохыг үүрэг болгож байна. Шаардлагатай бол Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, холбогдох журмуудад өөрчлөлт оруулж, мэдээллийг ил тод болгох нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдрөөс эхлээд гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг ил тод болгож иргэний мэдэх эрхийг хангахыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон УИХ-ын Тамгын газарт үүрэг болгож байна. Гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналууд ард түмэн, сонгогчдод тань нээлттэй, ил тод мэдээлдэг болж байна” гэлээ.
Ийнхүү гишүүдэд мэдээлэл өгсний дараа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төслийг нягтлах шаардлагатай талаар хэлж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийллээ. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8-д “Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно” гэж заасан байдаг бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар нэг хоногийн завсарлага өгч буйгаа мэдэгдлээ.
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт Улсын Их Хурлын 2023 оны дөрөвдүгээр сарын 06, 07-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсгийг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэх горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Эдийн засгийн байнгын хороонд буцаасан.
Байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах үед хуулийн төслийн зарим нэр томьёоны тодорхойлолтыг тодорхой болгох, төмөр замын суурь бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тохиолдолд түншлэлийн гэрээнд суурь бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэх хугацаа, нөхцөлийг зайлшгүй тусгаж өгөх, энэ хугацаанд суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь тээвэрлэгчийн үйл ажиллагааг давхар эрхэлж болох зохицуулалтыг төсөлд нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд ажлын хэсгээс бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхлэв. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “Төслөөр салбарын сайд нь 27 журам батлах зохицуулалттай байгаа, харин шүүх зөвхөн Засгийн газрын баталсан журмыг мөрддөг. Тиймээс журмуудыг Засгийн газар батлах шаардлагатай, төсөлд ийм зохицуулалт тусгамаар байна. Түүнчлэн бүлгийн хуралдаанаар төслийг хэлэлцэх шаардлага бий” гээд тав хоногийн завсарлага хүслээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтын дагуу нэг хоногийн завсарлага өгч буйгаа мэдэгдлээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2026/03/26
ЗГ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоо...
-
Дэлхий нийтээр..2022/06/24
БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр Марс нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзав
-
Үйл явдал2021/05/05
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Тод зураг2019/08/08
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
