Дэлхий нийтээр..
Өрхийн эмнэлгийн 30 эмчтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн эмч нартай “Өглөөний уулзалт” хийлээ. Энэ үеэр "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулж, анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар эмч нарын байр суурийг сонсон, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлого, хөтөлбөрт тусгахаар санал солилцсон юм.

Уулзалтад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван ӨЭМТ-ийн эмч оролцсон. Эмч нарын хувьд тулгамдаж буй асуудал нь санхүүжилт гэдгийг онцлоод, программ хангамжийн системүүд хоорондоо холбогдоогүй, боловсон хүчин, тэр дундаа ерөнхий мэргэжлийн эмч ховордсон гэдгийг хэлж байлаа. Мөн барилга байгууламжийн чанарт анхаарах, салбар дундын зохицуулалт чухлыг, ингэж байж нийгмээрээ эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болно. Түүнчлэн түр оршин суугчдад зориулсан төсөв байдаггүй нь бүхий л нөхцөлд хүндрэл учруулдаг гэдгийг онцолж байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-“Өглөөний уулзалт”-ын зорилго нь асуудлыг олон талаас нь харахад чиглэж байгаа. Гаргасан бодлого анхан, дунд шатанд хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэг гол асуудал. Ихэнх бодлого дээрээс гараад анхан, дунд шатанд гацчихдаг. Тиймээс бодлого доороосоо гарах хэрэгтэй байна. Мөн бодлого тодорхойлогч нар асуудлыг бодитой харах ёстой. Эмч нарын программ хангамжийн асуудлыг шийдэх хэрэгтэйг ойлголоо. Үүнд Засгийн газрын түвшинд анхаарал хандуулъя. Мөн байр, автомашины асуудлыг судалж, нэгдсэн байдлаар шийдье хэмээсэн юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчны шинэчлэл" сэдэвт илтгэл танилцуулж, цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх зохицуулалт хийнэ" гэдгийг хэлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Салбар бүрийг хамарсан уулзалтыг долоо хоног тутам зохион байгуулж байна. Эдийн засгаа тэлж байж боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Түр оршин суугчдын асуудлын хувьд хууль зүйн үндэслэлтэйгээр зохицуулалт хийх нь зөв. Хөдөөгийн сэргэлтийг бий болгож, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмснээр хот, хөдөөгийн тэнцвэр, хөгжлийн асуудлыг шийднэ. Сонгинохайрхан дүүрэг л гэхэд 43 хороотой ч 26 ӨЭМТ үйл ажиллагаа явуулж байна. Зарим хороо дундаа эмнэлэгтэй. Төсөв, боловсон хүчин, урсгал зардлын асуудал хөндөгддөг. Асуудлыг нэг дор бүгдийг шийдэх боломжгүй учир үе шаттай шийднэ. Засгийн газар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа" хэмээв. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн анхан шатны нэгжид тулгамдаж байгаа асуудлыг үе шаттай шийдэж, бүх талаас нь дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Баянзүрх дүүргийн 24-р хорооны "Мараната" ӨЭМТ-ийн их эмч Э.Алтанзул:

-Манай эмнэлэг 15 эмч, ажилтантай, 9035 хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Манай үйлчлүүлэгчид 100 хувь гэр хорооллынх, зорилтот бүлгийн иргэн олонтой. Анхан шатанд олон төрлийн программ хэрэглэдэг, ачаалал ихтэй, гацдаг. Мөн хорооныхоо барилгын нэг талд үйл ажиллагаа явуулдаг нь халдвар гарах эрсдэлийг бий болгож байна гэдгийг онцолж байв.

Налайх дүүргийн 3, 5-р хорооны “Ачлал-Налайх” ӨЭМТ-ийн их эмч Ц.Бямбасүрэн уламжлалтын эмчийг ӨЭМТ-д ажиллах нөхцөлийг дэмжиж, мөн гэр бүлээрээ төсвийн байгууллагад ажилладаг бол нийгмийн асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн эмнэлгийн байр дусаал гоожихоос гадна өвөл галладаг гэдгийг хэлж байлаа.

Баянзүрх дүүргийн 10-р хорооны "Цэн-Оюу" ӨЭМТ-ийн эмч Д.Солонго өрхийн эмчийг бэлтгэхэд анхаармаар байна. Мөн өрхийн эмнэлэгт 10 жил ажиллах хугацаанд нь зургаан жил түр оршин суугчаар явж байгаа хүн бий. Иймд энэ хүмүүст зориулсан санхүүжилтэд анхаарал хандуулах хэрэгтэйг онцлов.

Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Хотын дарга нар эмч нарын асуултад хариулж, тулгамдсан асуудлыг үе шаттай шийдэхээс гадна төрийн албан хаагчдын цалинг ижил түвшинд оруулах, олон салангид тогтолцоог нэгтгэх бодлого баримталж байгааг, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттай нэмнэ гэдгийг хэллээ.

Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Хэн юу хэлэв...2025/06/20
П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насн...
-
Үйл явдал2023/03/09
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт газар хөдөллөө
-
Чөлөөт бүс2019/10/04
Аялал жуулчлалын өдрөөр хотын аялал зохион байгууллаа
-
Хэн юу хэлэв...2020/08/07
М.Түвшинжаргал: УОК-ын шийдвэрээр "Цэргийн наадам-2020"-д оролцохгүй
