Дэлхий нийтээр..
УИХ: Иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулав
УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авах үүрэгтэй. Энэ дагуу УИХ-ын гишүүд ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн иргэдэд төслийг танилцуулж, саналыг авав
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Дамдинням, Б.Жавхлан нар Дархан-Уул аймагт ажиллаж байна. Өнөөдөр тус аймгийн Орхон, Дархан, Шарын гол сумдад ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ. Төсөл дэх сонгуулийн холимог тогтолцоотой болгох өөрчлөлтийг иргэд дэмжиж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ саналын хуудсыг гараар тоолох, сонгуулийг шударга явуулахтай холбоотой саналуудыг хэлж байв. Түүнчлэн төлөөллийн чадавхийг бэхжүүлэх үүднээс нийгмийн бүлгүүд, салбарын төлөөллийг багтаах агуулгаар парламентыг өргөтгөж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
УИХ-ын дээрх гишүүд маргааш тус аймгийн Дархан, Хонгор сумдад ажиллана.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлийн талаар иргэд, сонгогчдод танилцуулахын зэрэгцээ байр суурийг сонсож, саналыг нь авах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хорооны иргэдтэй энэ сарын 08-ны өдөр уулзалт хийсэн бол 9, 10, 11 дүгээр хорооны иргэдтэй 09-ний өдөр, 12, 13, 14 дүгээр хорооны иргэдтэй 10-ны өдөр тус тус уулзалт хийгээд байна.
Иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох зохицуулалтыг төсөлд тусгасан талаар танилцуулж, холбогдох судалгаа, мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарласан юм. Түүнчлэн төсөлтэй холбогдуулан иргэдийн байр суурийг сонсож, саналыг авсан юм.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар энэ өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-6 хорооны иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлийн талаар иргэдэд танилцуулж, улс орны эдийн засаг, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг тулгамдсан асуудлуудаар санал бодлыг нь сонсож, шийдэл гарцын талаар ярилцжээ.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Ховд аймгийн иргэдэд танилцуулав
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ховд аймагт ажиллаж байна. УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу тус аймгийн Үенч, Булган, Эрдэнэбүрэн, Мөст, Алтай сумдын иргэдтэй уулзаж, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлт төслийн талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн дээрх сумдын иргэдээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй холбоотой саналуудыг авчээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцууллаа
УИХ-ын гишүүн Т.Доржханд УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу энэ өдрүүдэд нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн байр суурийг сонсож, саналыг нь хүлээн авах уулзалтуудаа хийж байна.
Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд УИХ-ын сонгуулийг мажоритар болон пропорционал хосолсон тогтолцоогоор явуулахыг, гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл нар Увс аймагт ажиллаж байна
УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Увс аймагт ажиллаж байна. Тэрбээр Ховд сумын иргэдтэйгээ уулзаж, улс орны нийгэм, эдийн засаг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийн хамт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж санал, шүүмжийг нь сонсож харилцан ярилцжээ. Иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн танилцуулга, мэдээллийг анхааралтай сонсож, санал бодлоо илэн далангүй илэрхийлжээ.
Зарим нь гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь цаг үетэйгээ хөл нийлүүлж гишүүдийн тоог нэмж болох ч 152-оо бага байх нь зүйтэй гэж байв. Эсрэгээрээ төлөөллийн зарчмыг хангаж нийгмийн бүх бүлгээс УИХ-ын гишүүд сонгогдох ёстой учраас Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл дэх 152 гишүүнтэй болгох зохицуулалтыг дэмжсэн иргэд байсан юм. Гэхдээ уулзалтад оролцсон увсчууд гадаад ертөнц дэх нөхцөл байдал тайван бус байгаа энэ цаг үед Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулж, ард иргэдийнхээ хүсэл сонирхлыг бүрэн илэрхийлэх сонгодог парламентын засаглалаа баталгаажуулах нв нэн чухал гэдэгтэй санал нэгдэж байв.
УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ тэдний байр суурийг сонсож, саналыг нь авч ажиллаж байна.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар эхлээд Завхан, Наранбулаг сумын иргэд, олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. Үргэлжлүүлэн өнөөдөр Өлгий суманд ажилласан бол тавдугаар сарын 11-ний өдөр Өмнөговь, 12-ны өдөр Ховд, 13-ны өдөр Бөхмөрөн суманд тус тус ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн танилцуулж, иргэдийн саналыг авахаар төлөвлөжээ.
Өвөрхангайчуудад Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулав
УИХ-ын гишүүн Г.Ганболд, Д.Тогтохсүрэн нар УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Өвөрхангай аймагт ажиллаж байна. Арвайхээр сумын иргэдэд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ төсөлтэй холбоотой иргэдийн байр суурийг сонсож, саналыг нь авч ажиллаж байна.
Иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар олон талын байр суурь илэрхийлсэн байна. Төсөл дэх гишүүдийн тоог нэмэхээр тусгасан асуудалд иргэд олон талын санал шүүмжлэл хэлэ, парламент 100, 108 орчим гишүүнтэй байх нь зүйтэй гэдэг саналыг олонтаа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүд тойрогтоо 7 хоногийн хугацаатай ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулан, иргэдийн байр суурийг сонсож, холбогдох саналыг авч, нэгтгэнэ. Ийнхүү нэгтгэсэн тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх бөгөөд тус Байнгын хороо иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2021/01/25
Олон Улсын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлээ баталгаажууллаа
-
Дэлхий нийтээр..2023/03/27
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв
-
Үйл явдал2022/02/16
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2025/02/04
Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монголд тэ...
