Дэлхий нийтээр..
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын ээлжит 79 дүгээр чуулган эхлэв
НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын ээлжит 79 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө Ази, Номхон далайд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл хэргийг хурдасгах нь” сэдвийн дор тавдугаар сарын 15-ны өдөр Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо эхэллээ.

Энэ удаагийн чуулганд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж, НҮБ-ын АНДЭЗНК нь бүс нутгийн эдийн засгийн хөгжил, нийгмийн ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад учирч буй бэрхшээлийг даван туулах, шинэлэг арга замыг олж хэрэгжүүлэх талаар гишүүн улсад стратегийн дүн шинжилгээ хийх, бодлогын санал боловсруулах, техникийн хамтын ажиллагаа хөгжүүлэх замаар дэмжлэг үзүүлж ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Бүс нутгийн далайд гарцгүй хөгжиж буй улсын тээврийг сайжруулах чиглэлд НҮБ-ын АНДЭЗНК тодорхой нэмэр оруулж буйг Ерөнхий сайд мөн тэмдэглээд, тээвэр, эрчим хүч, мэдээлэл, харилцааны технологийн сүлжээг сайжруулснаар далайд гарцгүй улсын худалдааны хүрээг тэлэх, шинэ зах зээлд нэвтрэх, хөгжлийн шинэ гарц болох ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Чуулганы энэ өдрийн Ерөнхий санал шүүмжлэлд Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцож, Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, нийгмийн чиглэлээр авч хэрэгжүүлж бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээний талаар танилцуулж, мөн чуулганы Дэд даргаар ажиллалаа.
Комиссын 79 дүгээр чуулганы даргаар Тонга Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Фекитамоэла Катоа Утойкаману томилогдож, дэд даргаар Казахстаны Цахим хөгжлийн дэд сайд Аскар Жамбакин, БНСУ-ын Цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан дэд сайд Хьөн Женни Ким, Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Индонез Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Рахмат Будиман, Филиппин Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Миллисент Круз-Паредес, Шри Ланкаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Колонн Аппухамиллаж Чаминда Колонн нар тус тус сонгогдсон юм.
АНДЭЗНК-ын 79 дүгээр чуулган энэ оны 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2022/05/31
Олимпын гүүрний явган хүний замын угсралтын ажлыг хийж эхэлнэ
-
Тод зураг2019/07/31
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Дэлхий нийтээр..2025/06/10
Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно
-
Үйл явдал2025/09/24
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
