Хэн юу хэлэв...
Л.Оюунтунгалаг: “Web awards” цахим салбарын тэргүүн наадам дөрөв дэх удаагаа зохион байгуулагдана
Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай ярилцлаа.
-Цахим салбарын тэргүүн наадам “Web Awards 2019” шилдгүүдээ шалгаруулах цаг хаяанд иржээ. Энэхүү наадмын талаар мэдээлэл өгөөч?
-Монголын сайтын холбооноос хоёр жилд нэг удаа“Web Awards” цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж буй энэ наадам нь дөрөв дэх удаагаа болох гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог, түүнчлэн цахим салбарын ганц наадам гэдэг утгаараа ач холбогдлын хувьд маш өндөр байдаг. Энэ жил сайтын холбооны арван жилийн ой тохиож байна л даа. Өнгөрсөн хугацаанд бид “Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриалгыг цахим салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууддаа уриалж ирсэн. Энэ удаагийн “Web Awards 2019”-д ч энэ уриалгыг дэвшүүлж, нийгмийн хөгжлийг дэмжигч номинациудыг наадамдаа оруулж ирсэн. Тус наадамд цахим үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн бүх сайт оролцох боломжтой.
-Хэдэн номинацид шилдгүүдээ шалгаруулах вэ?
-Энэ удаа арван шилдэг номинацид шилдгүүдээ шалгаруулна. Тодруулбал, Мэдээллийн шилдэг сайт, Сайтын шилдэг сэтгүүлч, Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт, Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт, Орон нутгийн шилдэг сайт, Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт, Шилдэг төрийн байгууллагын сайт, Бизнесийн шилдэг сайт, Шилдэг веб сайт хөгжүүлэгч түүнчлэн Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайтыг шалгаруулна. Мөн Нийгмийн хөгжлийг дэмжигч номинациуд бий. Үүнд Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг бүтээн байгуулалт, цахим үйлчилгээ, үйлдвэр, хөрөнгө оруулагч, улстөрч нарыг шалгаруулна. Ингэснээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эерэг мэдээллийг түгээх үүднээс нийгэмдээ бүтээн байгуулалт хийсэн компаниуд, хувь хүмүүсийг нийгэмд сурталчлан таниулах зорилго биелэх юм.
-Энэ наадмын голлох номинациудын эзнээр өмнө нь ямар ямар сайтууд нэрлэгдэж байв?
-2013 онд анх зохион байгуулагдах үед шилдгийн шилдэг сайтаар www.ZALUU.com, 2015 онд www.CAAK.mn, мөн 2017 онд www.NEWS.mn сайт тус тус шалгарч байв.
-Сайтын холбоо цаашдаа ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна вэ?
-Монгол Улсад интернэт нэвтрээд 23 жил, анхны мэдээллийн сайт болох SONIN.mn бий болоод 16 жил болсон байна. Сайтын анхны мэргэжлийн холбоо байгуулагдаад 10 жил болжээ. Бидний дараагийн алхам бол өнгөрсөн 10 жилд Монголд хэдэн зуугаар тоологдох сайтууд бий болсон. Энэ цаг үе бол Монголд цахим орчноос мэдээлэл авах хөгжлийн үе шат байсан юм байна гэж харж байгаа. Дараагийн 10 жилдээ цахим сэтгүүл зүй гэх отгон жанрыг мэргэжлийн болгоход үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Сэтгүүл зүйн салбар өнгөрсөн 107 жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйтэй, үнэ хүндтэй явсаар ирсэн. Нийгэм сэтгүүл зүйгээс үнэн бодит мэдээллийг авч, итгэж үнэмшдэг байлаа. Цахим салбар мэдээллийг хурдтай дамжуулж, хүн бүрийг мэдээлэгч болгосон хэдий ч нөгөө талаараа сэтгүүл зүйн ёс зүйн асуудал хөндөгдөж байна. Тиймээс ирэх 10 жилд сэтгүүл зүйн нэг салаа мөчир болох цахим сэтгүүл зүйг мэргэжлийн, итгэл үнэмшилтэй болгохоор ажиллана. Тиймээс л цахим сэтгүүл зүйн салбарын сэтгүүлчдийн ёс зүйн асуудлаас нэн тэргүүнд өөрчлөлтөө эхлүүлж байгаа.
-Цахим салбарын зөв бичгийн дүрмийн алдаа их бий гэдэг. Энэ талаар хийж, хэрэгжүүлж буй ажлууд бий юу?
-Цахим салбарт монгол хэлний яруу сайхан тунгалаг байдал алга болсон гэдгийг бид харж байгаа. Тиймээс Төрийн хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтраад саяхан гарсан зөв бичгийн шинэ дүрмийг сурталчлах ажлыг Монголын сайтын холбоо хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн сургалт хийсэн. Олон аппликэйшн, сурах бичгийг гаргасан. Түүнчлэн бид ёс зүйн сургалтуудыг сар болгон явуулж байна.
-Тухайлбал, ямар чиглэлээр сургалтуудаа явуулж байна вэ?
-Гадаад бодлогын мөн чанарыг сэтгүүлч яаж ойлгох юм. Үндэсний аюулгүй байдал гэж юу юм. Энэ асуудалд сэтгүүлч бид ямар үүрэгтэй оролцож, улс орныхоо нэр хүндийг авч явах вэ. Түүнчлэн Монгол Улсыг дэлхий нийтэд сайхан харагдуулах уу, муухай харагдуулах уу гэдгийн нэг өнцөг нь сэтгүүл зүйн салбар байдаг. Гэтэл бид эх орноо муулж, Монголоор дүүрэн хар бараан мэдээ яваад байхаар дэлхий нийт манай орныг тэгж л харна. Тиймээс сэтгүүлчид бид болж бүтэж байгаа зүйлсээ сайн сайхнаар нь түгээх хэрэгтэй. Монголд бүх зүйл муу муухай байгаа биш шүү дээ. Монголын сайтын холбооноос цахим сэтгүүл зүйд “Эерэг мэдээллийг түгээе” зорилтод аяныг эхлүүлж, нийгэмд гэрэл гэгээтэй сайн сайхан эерэг мэдээллийг түгээж эхлээд байна.
-Ярилцсанд баярлалаа.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Тод зураг2020/07/15
Цэрэгжсэн улсын хүчирхэг зэвсэгт хүчин...
-
Үйл явдал2022/10/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2020/05/21
“Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв”-ийг бай...
-
Дэлхий нийтээр..2021/07/27
Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн хурал боллоо
