Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар 2019 оны 06 сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийж, 2019 оны 06-р сарын 13-14-ний өдрүүдэд мөн улсад Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон юм.
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарим сэтгүүлчийн асуултад хариуллаа. Тэрбээр энэ үеэр, “Сэтгүүлчдэд, телевиз үзэгч, уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад энэ арын 12-нд, 13, 14-ний өдрүүдэд ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон. Мөн ШХАБ-ын ажил дууссаны дараа Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт уулзалт хийж, эх орондоо ирлээ.
Айлчлалын хүрээнд:
Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийсэн. Олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг ярьж, 9 салбарт холбогдох яам, агентлагийн дарга нар баримт бичигт гарын үсэг зурлаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев, Парламентын дарга Д.А.Джумабеков нар бараалхсан.
2014 оноос Киргиз улсад манай улсын Ерөнхий консулын газар ажиллаж байсан гэдгийг Та бүхэн мэдэх байх. Харин УИХ Ерөнхий консулын газрыг Элчин сайдын яам болгож өргөтгөсөн байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нээлтээ хийсэн. Тиймээс удахгүй УИХ-аас Киргиз улсад суух Элчин сайдыг томилох байх гэж бодож байна.
Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ уулзалтаар ШХАБ-ыг илүү эдийн засгийн тал руу нь хандуулъя гэсэн асуудал яригдсан. Бид ажиглагч улсын хувьд зарим хуралдаанд оролцоогүй. Ажиглагч болон гишүүн орнуудын хамтарсан хуралдаанд оролцож, Ерөнхийлөгч үг хэлсэн. Хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь www.president.mn сайтаас уншиж болно.
ШХАБ-д элсэх асуудлаар дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байгаа. ШХАБ байгуулагдсан цагаас хойш 200 орчим хэлэлцээр зурагдсан байна. Тэр бүх хэлэлцээрийг бүрэн эхээр нь авч, орчуулж байгаа. Энэ ажлын хэсэгт багтаж байгаа хуучин Элчин сайд байсан болон бусад хүмүүс олон нийтэд ажлынхаа явцын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байх.
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулж, тодорхой механизм байгуулах талаар дурдсан. ШХАБ-ын улс орнуудаас Зүүн хойд Азитай холбоотой нь буюу эрчим хүчний системын хүрээнд хамарч болох нь БНХАУ, ОХУ хоёр.
Хамгийн сүүлийн өдөр буюу ШХАБ-ын айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалж, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн уулзалт болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг тодорхой асуудлаар ахиц дэвшил гаргах нь зүйтэй гэж тохирсон. Өмнө нь тодорхой хариулт өгдөггүй байсан газийн хоолойн асуудлаар ажлын хэсэг гаргаж нааштай ажиллана гэдгээ БНХАУ-ын дарга тэмдэглэсэн.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Улаанбаатар төмөр зам”-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудалтай 100 хувь санал нийлж байгаа гэдгээ хэлсэн. Дээр нь Зүүнбаянгаас-Ханги руу чиглэх төмөр замыг ашиглалтад оруулах нь эдийн засгийн коридорыг өргөтгөхөд чухал үүрэгтэй гэдгээ илэрхийлсэн. Тухайлбал, нурмаг ачаагаа Замын-Үүдээс тусгаарлах саналыг “Улаанбаатар төмөр зам” ХНН олон жил ярьж байгаа. Энэ асуудлыг шийдэхэд ОХУ-ын талаас зээл бэлэн гэж ярьсан. “Бүс ба зам”-ын хүрээнд хийх зургаан эдийн засгийн коридорын 1 нь манай улсаар явж байгаа. Энэ ажлыг эрчимжүүлэх асуудлыг мөн ярилцсан” гэлээ.

“Блумбэрг” телевизийн сэтгүүлч Э.Анхбаяр: Гурван талт уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Их Евразийн санаачилга гээд гурван улсын санаачилгыг нэгтгэн ажиллах саналтай байгаагаа хэлж байсан. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг өргөн царигтай хийвэл тээврийн дахин хуваарилалт хийнэ гэсэн. Бидний байр суурь ямар байгаа вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Царигийн асуудал шийдэгдсэн. Зүүнбаян хүрэх бүх чиглэлийн төмөр замын цариг өргөн. Тэгэхээр Зүүнбаянгаас Ханги руу хүрэх төмөр зам ч ялгаагүй өргөн царигаар баригдана. Энэ бол УИХ-аар шийдсэн, зөвхөн санхүүжилт нь хүлээгдэж байсан асуудал юм.
Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ зэрэг байгууллагууд хэрхэн хамтран ажиллах асуудал ярианы нэг сэдэв байсан.
“Өнөөдөр” сонины тоймч Х.Уянга: Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх “шахалт” жилээс жилд эрчимжиж байна хэмээн харж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ мөн Монгол Улсыг ШХАБ-д элсэх асуудлын дурдсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Сэтгүүлчдэд нээлттэй хэсэгт БНХАУ-ын дарга Ши Жиньпин тийм утгатай үг хэлсэн. БНХАУ-ын байр суурь ойлгомжтой. ШХАБ-д элсэх нь ашигтай гэдэг байр сууриа тус улс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед ч хэлдэг байсан.
ШХАБ-д элсэхээр ямар үг дагавартай вэ гэдгийг бичиг, цаасан дээр л ярих ёстой. Тэр ажлыг өнгөрсөн жилүүдэд дутуу хийсэн. Яг ямар хэлэлцээр энэ байгууллагын цаана байгаа вэ гэдгийг маш сайн судлах ёстой.
МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Чимэдлхам: Бүгд Найрамдах Киргиз улстай худалдаа, хамтын ажиллагаа болон оршин суугаа иргэдийн тоо тийм ч өндөр биш. Өөрөөр хэлбэл, тус улсад Элчин сайдын яам байгуулах нь цаг хугацааны хувьд оновчтой байсан уу гэсэн асуудал нийгэмд янз бүрээр яригдаж байна. Бидний алс хэтийн зорилго юу вэ, аль салбарт түлхүү хамтрах боломжтой юм бэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Одоогийн худалдааны эргэлт маш бага буюу ганцхан сая ам.доллар байгаа. 6 сая хүнтэй, хуучны торгоны замын нэг уулзвар дээр байдаг, томоохон хөршүүдтэй улс.
Монгол-Киргиз хоёрын хооронд ашиглагдаагүй боломж маш их байна гэсэн санаагаар УИХ Элчин сайдын яамаа нээсэн байх.
Энэ улс Төв Азийн орнууд руу явах замд байгаа юм. БНХАУ-Киргиз гэж, эсвэл БНХАУ-Казакстан гэж дамжин Төв Азийн орнууд руу явах гэсэн сонголт бий. Тэгэхээр манай улсын баруун талын таван аймгийн эдийн засгийн хэлхээ холбоог Төв Азийн орнуудтай илүү идэвхжүүлэх шинэ бодлогыг Ерөнхийлөгч гаргаад хэрэгжээд явж байгаа.
Манай улсын зүүн аймгууд Зүүн хойд Ази, Манжуур, Алс дорнод, ОХУ, хоёр Солонгос, Япон зэрэг улсууд руу чиглэсэн эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нь газар зүйн хувьд ойрхон. Түүнээс баруун хязгаараас зүүн хязгаар руу мах эсвэл өөр бараа экспортлох оновчгүй. Тиймээс баруун, зүүн хязгаараар нь төрөлжүүлье гэсэн бодлого явж байгаа юм. Төв Ази руу явах замд байдаг Казахстан болон Киргизтэй илүү идэвхтэй ажиллах юм бол, жишээ нь халал махыг авах хамгийн том зах зээл нь Төв Азийн улс орнууд, цаашлаад Арабын улс орнууд.
Өнөөдөр хэдийгээр эдийн засгийн хамтын ажиллагаа чамлалттай байгаа ч ирээдүйд олон дахин өсөх нөөц боломж бий.
“Блумбэрг” телевизийн сэтгүүлч Э.Анхбаяр: Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулснаас хойших 3 жилийн хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа нь үнэхээр чамлалттай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн. Дараагийн уулзалт хүртэл бид ямар алхам хийх хэрэгтэй вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Эдийн засгийн коридор гэж 32 төсөл, арга хэмжээ тохирсон. Тэр дотроос бодитой бариад эхэлье гэхээр банкны шаардлага хангах төсөл алга байна гэж байгаа юм. ОХУ болон БНХАУ үүнтэй санал нийлж байгаа. Хамгийн түрүүнд “амьдарч” болох эдийн засгийн нэгдүгээр коридор нь төмөр зам. Улаанбаатар төмөр замд 100 орчим тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулбал, нэвтрүүлэх хүчин чадал нь 3 дахин өснө. Үүний хажуугаар ОХУ-БНХАУ-ыг холбох бетон замын төслийн ТЭЗҮ хийгдсэн. Энэ хоёроос өөр бодитой төсөл байхгүй байна.
“Монгол HD” телевизийн сэтгүүлч Б.Одонгарав: Эрчим хүчний супер сүлжээ, тэр дундаа дундын механизм бий болгох санаачилга гараад жил болж байна. Энэ удаад ч дээрх асуудлыг хөндөн ярьсан. Ахиц хэр гарч байна гэж үзэж байгаа вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Эрчим хүчний супер сүлжээ гэдэг нэр томьёог өөрчилсөн. Улаанбаатарын яриа хэлэлцээрт манай улсын урилгаар хойд Солонгосоос бусад Зүүн хойд Азийн улс орнууд ирсэн. Ингээд “Зүүн хойд Азийн эрчим хүчний худалдаа болон нэгдсэн сүлжээ” гэдэг нэр томьёон дээр тогтсон.
Энэ талаар гаргасан тунхаглалдаа ирэх 9-р сард ОХУ-ын Владивосток хотод гарын үсэг зурахаар ажиллаж байна” баярлалаа гэв.
Үйл явдал
Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг өглөө. Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалах юм.
Мөн энэ өдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад албан тушаалтанд өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг “Газрын тосны үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын талбайд ажиллах үеэр үйлдвэрийн удирдлагын зүгээс үл хөдлөхийн болон газрын татвар зэргээс шалтгаалан төсөл гацаанд орох, санхүүжилт зогсох, татварын өр төлбөр өдөр тутам нэмэгдэж байгаа зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан билээ. Тэгвэл үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэн хөгжүүлснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний 5 жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөхөөс гадна дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 хүртэлх жилээр сунгуулах, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бүрдэх юм.
Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээг Хүнд аж үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээний салбар зөвлөлөөр шуурхай хэлэлцсэний дараа хөгжлийн төлөвлөгөө, ТЭЗҮ-д үнэлэлт өгөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг мөн үе шаттай, шуурхай шийдвэрлэнэ.
Үйл явдал
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Дэлхийн их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол 2024-2030 онд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан нь өгөгдлийн хэрэглээ, хиймэл оюуны дэвшил нь өгөгдлийн дэд бүтцийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Улсын Их Хурлаас 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч өгөгдлийг байгууллага, салбар мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамруулж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцлийг бүрдүүлээгүйгээс эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа нь анхдагч хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг бий болгосон байна.
Монгол Улсын давуу тал, алсын хараа, боломж, ирээдүй хэмээн тодорхойлж буй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Дэлхий дахин хөрөнгө оруулалтыг хоёрхон салбарт хийж байгаа. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, дата төв. Эрчим хүчгүй дата төв байгуулагдахгүй. Бүх төрлийн эрчим хүчний арвин их нөөцийг ашиглаж л дата төв ажилладаг. Өргөн уудам газар нутаг, урт үргэлжилдэг хүйтэн сэрүүний улиралтай, 360 өдрийн 280 нь нартай, салхитай арвин их нөөцтэй оронд дата төвүүдийг барьж байгуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ боломжийг дэлхий нийт харчихаад өөрсдөө сонирхлоо илэрхийлж байгаа. Бид шинэ эдийн засаг руу явахгүй бол уул уурхай, нүүрснээс хамааралтай эдийн засагтайгаар хөгжлийн тухай цаашдаа ярихгүй. Цаг үеэ олсон асуудал учраас манай Засгийн газрын үнэтэй өв болж үлдэх ажил” хэмээлээ.
Үйл явдал
Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хослуулна
COP17-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Уламжлалт газар дээрх хяналтыг зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон нэгдсэн мэдээллийн сантай хослуулах боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа өргөн уудам, алслагдсан нутагт тархсан тул газрын эвдрэл, доройтол, нөхөн сэргээлтийн явцыг зөвхөн газар дээрх уламжлалт шалгалтаар тогтмол хянахад хүндрэлтэй байдаг.
Уул уурхайн хяналт шалгалтаар түгээмэл илэрдэг зөрчилд эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хугацаанд нь хийхгүй байх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхгүй байх, ус ашиглах зөвшөөрөл, гэрээний шаардлага зөрчих, усны нөөц болон усан орчны хамгаалалтын дэглэмийг хангахгүй байх зэрэг асуудал багтдаг.
Мөн уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн газрын өөрчлөлтийг зохих ёсоор нөхөн сэргээгээгүй тохиолдол гардаг нь хөрс, усны нөөцөд дарамт учруулж, газрын доройтол, цөлжилтийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцолжээ.
Иймээс уул уурхайн хяналтад зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, дрон болон нэгдсэн мэдээллийн санг хослуулан ашиглах боломжийг өргөжүүлэхээр зорьж байна.
Технологид суурилсан хяналтаар газрын гадаргын өөрчлөлт, уурхайн талбайн тэлэлт, усны сан бүхий газрын өөрчлөлт, нөхөн сэргээлтийн явцыг тогтмол ажиглах боломжтой. Ингэснээр эрсдэл өндөртэй талбайг эрт илрүүлж, улсын байцаагчийн газар дээрх шалгалтыг илүү зорилтот, шуурхай, нотолгоонд суурилсан хэлбэрээр зохион байгуулах нөхцөл бүрдэх юм.
-
Чөлөөт бүс2023/02/10
Сар шинээ Condition-тэй хамт угтацгаая /Харандааны түүх 2/
-
Хэн юу хэлэв...2020/07/18
Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь ...
-
Дэлхий нийтээр..2024/03/15
Том малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 3.5 сая болжээ
-
Дэлхий нийтээр..2022/09/01
ЗГ: Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилов
