Дэлхий нийтээр..
“Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В” төлөвийг хэвээр үлдээснийг баталгаажууллаа
Эс энд Пи агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зарлав. Тус байгууллагаас гаргасан хэвлэлийн мэдээлэлд дараах үндэслэлийг харгалзан Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тайлбарлав.
Үүнд:
Институт ба эдийн засгийн байдал:
- БНХАУ хилээ дахин нээснээр түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.5%-иар өснө. Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв сайн байна гэж үзэж байна. Тухайлбал, уул уурхайн салбар дах гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр бодит ДНБ 2026 он хүртэл жилд дунджаар 6 орчим хувиар өснө.
- 2022 онд дунджаар 15.2% байсан инфляц аажмаар буурч байгаа хэдий ч өндөр байна. Түүнчлэн, зээлийн хүү өндөр байгаа нь хэрэглээг хязгаарлах хүчин зүйл боллоо.
- Монгол Улсын эдийн засаг БНХАУ-руу экспортлох түүхий эдээс ихээхэн хамааралтай учраас гадаад эрсдэлд өртөмтгий байдаг. Засгийн газраас нүүрсний экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах зорилгоор дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж, ашиглалтад оруулаад байна.
- Институтийн болон засаглалын сул байдал нь зээлжих зэрэглэлийг ахиулахад хязгаарлалт болж байгаа хэдий ч Монгол Улсын бодлого боловсруулалт, тогтвортой байдал цаашид аажмаар сайжирна гэж хүлээж байна.
Уян хатан байдал, үр дүнгийн үзүүлэлт:
- 2023 онд төсвийн алдагдал ДНБ-ий 2.6%-тай тэнцэнэ гэж таамаглаж байна. 2024 оны сонгуулиас өмнө эдийн засгийг дэмжих зорилгоор засгийн газар зардлаа нэмэгдүүлэхээр байна. Төсвийн орлого төсөөлж байснаас өндөр гарсан нь 2021 онд ДНБ-ий 2.6%-тай тэнцэх алдагдалтай байсан төсөв 2022 онд ДНБ-ий 1.3%-ийн ашигтай гарахад хүргэв.
- Төсвийн алдагдлыг бууруулахын зэрэгцээ ДНБ-ий нэрлэсэн өндөр өсөлтийн нөлөөгөөр гадаад өрийн дарамтаа үлэмж хэмжээгээр бууруулав. 2022 онд Засгийн газрын цэвэр өрийн ДНБ-д эзлэх хувь 2020 оны түвшнээс 14 орчим нэгж хувиар буурч, 63.6%-д хүрсэн байна. Тус үзүүлэлт 2023 онд 57.8%, ирэх жил гэхэд 55%-иас бага болно гэж таамаглаж байна. Ингэснээр Засгийн газар 2024 оны эцэс гэхэд алдагдлаа ДНБ-ий 2.5 орчим хувь хүртэл бууруулна хэмээн дурдсан байна.
- Экспортын өсөлтөөс хол давсан импортын өсөлт худалдааны ашиг буурч, урсгал дансны алдагдал 2022 онд ДНБ-ий 13.5%-д хүрэхэд нөлөөлөв. Гэсэн хэдий ч гадаад өрийн түвшин буурахын зэрэгцээ гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр урсгал дансны алдагдал 2025 он гэхэд ДНБ-ий 7.7%-д хүрнэ гэж таамаглаж байна. Монгол Улсын гадаад өр төлбөртэй холбоотой эрсдэлүүд нь олон улсын донор харилцагчдын зээлийн дэмжлэгээр буурч байна.
- Оюутолгойн гүний уурхайн олборлолтын хэмжээ нэмэгдэж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хурдсаж байгаа энэ үед ирэх жилүүдийн экспортын өсөлт нь Монгол Улсын гадаад нөхцөл байдал сайжрахад нөлөөлнө хэмээн дурдсан байна.
- Засгийн газар энэ оны эхээр таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргаснаар энэ он болон ирэх онд төлөгдөх гадаад өрийн зарим хэсгийг дахин санхүүжүүлэх боломжтой болсон. Гадаад валютын нийт нөөц 2022 оны 8 дугаар сард огцом буурч, 2.7 тэрбум ам.доллар болоод байсан бол экспортын сэргэлтээс үүдэн 2023 оны 6 дугаар сарын эцэст 3.8 тэрбум ам.долларт хүрч сэргэв.
ЭС ЭНД ПИ агентлагийн хэвлэлийн англи хэл дээрх эх мэдээг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монгол банк
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2022/03/03
Сэрэмжлүүлэг: Цасан болон шороон шуурга шуурна!!!
-
Тод зураг2019/11/28
Гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов
-
Дэлхий нийтээр..2023/04/27
Монгол залуус хонины ноосоор агаар цэвэршүүлэгч зохион бүтээжээ
-
Үйл явдал2022/02/24
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
