Дэлхий нийтээр..
ЗГ: “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг баталлаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны есдүгээр сарын 01-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн санхүү, татварын боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөө амьдрах сэдлийг төрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
Аймаг тус бүрийн урт хугацааны хөгжлийг тэтгэх, хязгаарлагч хүчин зүйлүүдийг арилгах зорилготой “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төслийн хүрээнд авто замын сүлжээний шинэ үеийг эхлүүлж аймаг хоорондыг холбосон, хилийн боомтуудыг холбосон, аялал жуулчлалын гол чиглэлүүдийг холбосон нэгдсэн төслүүдийг хэрэгжүүлнэ.
Аймгуудын дулаан хангамжийг бүрэн шийдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Одоогоор хэрэгжиж байгаа 10 аймгийн төвийн дулааны станцын төсөл, түүний дагалдах хоёрдугаар хэлхээний төслүүд мөн бусад аймгуудын дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
Аймгууд болон томоохон суурин газруудын цахилгааны эх үүсвэрийн чадлыг нэмэгдүүлж, орон сууцжуулахад шаардлагатай эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэнэ.
Аймаг тус бүрийн хүн амын тоо, томоохон суурин газруудын нягтаршил зэргийг харгалзан үзэж орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлнэ” гэж мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд бүх аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбоно.
Мөн хилийн боомтуудыг холбох авто замын таван босоо коридортой болно. Тухайлбал, одоогоор Алтанбулаг-Замын-Үүд, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур чиглэлийн авто замын хоёр коридортой байна. Тэгвэл энэ төслийн хүрээнд Бага Илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван коридор нэмж барина. Мөн хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр-Цагааннуур-Ульхан боомтыг холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болно” гэлээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2020/10/06
Олон улсын мэдээлэл зүйн онлайн олимпиадаас монгол сурагч алтан медаль хүртлээ
-
Дэлхий нийтээр..2024/08/30
Адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх төслийн багийн гишүүдтэй уулзлаа
-
Дэлхий нийтээр..2023/01/18
БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг хүлээж авч уулзлаа
-
Тод зураг2020/04/03
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
