Дэлхий нийтээр..
Газар тариалангийн бүтээгдэхүүний боловсруулалт, борлуулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар Япон-Монголын Хөдөө аж ахуйн нийгэмлэгийн дарга, Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга асан Кога Иссэй, Японы Сангийн Яамны Төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн асан, Кюүшюүгийн их сургуулийн профессор Танигүчи Хирофүми, Токиогийн ХААИС-ийн магистр, зөгий судлаач Тани Чигүса нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүнсний ногооны тариалалт, боловсруулалт, борлуулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Манай улс энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 81 хувийг дотоодоосоо хангах урьдчилсан баланс гарсан. Цаашид хүнсний ногоо тариалахаас эхлээд хураалт, хадгалалт, тээвэрлэлт гээд хэрэглэгчийн ширээнд хүртэлх бүх үе шатыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага тулгарч байгааг Төрийн нарийн бичгийн дарга танилцуулав.
Эрүүл, органик, чанартай хүнсний ногоо, бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд хоршооллын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Энэ нь хүнсний ногоочдыг орон нутагтаа сайхан амьдрах, тэдний эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ гэж Япон-Монголын Хөдөө аж ахуйн нийгэмлэгийн дарга Кога Иссэй байр сууриа илэрхийлсэн юм.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөлтэй уялдуулж энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болохыг Төрийн нарийн бичгийн дарга онцлоод Монголд тарьж ургуулсан хүнсний ногоогоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхэд салбар яамнаас шаардлагатай дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2026/09/10
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2024/11/28
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
-
Хэн юу хэлэв...2023/11/27
Тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх ...
-
Дэлхий нийтээр..2023/04/13
Ц.Хулан Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан товлогдлоо
