Дэлхий нийтээр..
Говьсүмбэр аймгийн иргэд “Шинэ сэргэлт”-ийн бодлого, авлигатай хийх тэмцлийг дэмжиж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна. Тус аймгийн иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.
Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэл танилцуулав. Эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, Засгийн газар авлигатай тэмцэн “5 Ш” ажиллагаа явуулж, нүүрсний худалдааг ил тод болгож буйг онцлон ярилаа. 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4,6 хувьд хүрээд байсан бол 2021 онд 1,6 хувь, 2022 онд 4,8 хувь 2023 оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж өссөн үзүүлэлттэй байна. Нэг хүнд ногдох ДНБ анх удаагаа 5000 ам.долларт хүрч, улсын төсөв 1,7 их наяд төгрөгөөр даван биелсэн. Энэ нь Засгийн газар нүүрсний худалдааг ил тод болгон Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэн, боомтуудыг шинэчилж, үйл ажилагааг нь эрчимжүүлсэн нь гол нөлөө үзүүлсэн гэдгийг тэмдэглэв. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Шинэ сэргэлтийн таван цагариг” төсөл хэрэгжүүлнэ. Засгийн газар аймгуудыг эдийн засгийн интеграцид оруулж бүсчилсэн байдлаар хөгжүүлэхээр зорьж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Говьсүмбэр аймгийн иргэд санал хүсэлтээ хэлэв. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, авлигатай хийх тэмцлийг дэмжиж буйгаа иргэд илэрхийллээ. Мөн малын түүхий эдийг үнэд хүргэх, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, ахмадын өргөө байгуулах, банкны хүүг бууруулах, сургууль, цэцэрлэгийн барилгын асуудал , ясль байгуулж өгөх, багш нарын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх зэрэг саналыг иргэд хэлэв.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 2024 оны төсөв батлагдахаас өмнө орон нутагт ажиллаж иргэдийн саналыг сонсож буй. Говьсүмбэр аймгийн иргэд дараах бүтээн байгуулалтыг ирэх онд хийхийг эрэмбэллээ.
1. Усан бассейн бүхий спорт цогцолборын байр
2. 320 хүүхдийн суудалтай 5-р сургуулийн өргөтгөл
3. Говьсүмбэр Баянталын хатуу хучилттай 3,4 км автозамын ажил
4. Дулааны цахилгаан станцын хангамж,дэд бүтэц
5. 320 хүүхдийн суудалтай 1-р сургуулийн барилгын өргөтгөл
6. Хэрлэн голын Хөмөлтэйн 217.6 урттай төмөр бетон гүүр
7. Төв магистраль шугамын өргөтгөл шинэчлэлийн ажил
8. 120 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөл
9. Сумын цэвэр усны шугам өргөтгөл шинэчлэлийн ажил
10. Чойр-Мандалговь-Арвайхаар чиглэлийн хэвтээ чиглэлийн авто замын эхлэл,Чойр-Их залаат овооны ар хүртэлх 41.4 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалт зэрэг ажлыг нэг тэргүүнд хийх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариуллаа. Малчдын асуудлыг шийдэх Хөдөө аж ахуйг дэмжих хороо байгуулагдаж буйг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
Боловсролын салбарт шинэчлэл хийж , хамгийн сайн багш сургууль цэцэрлэгт ажиллаж өндөр цалин авдаг тогтолцоонд шилжиж байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ. Мөн олон жил ашиглалтад орохгүй байгаа сургууль цэцэрлэгийн асуудалд анхаарахаа хэлээд тендерийн үүргээ гүйцэтгээгүй аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцон 47 компанийг хар жагсаалтад оруулсан гэв.
2022 оны нэгдүгээр сард тэтгэврийг 15 хувиар нэмсэн. 2023 оны төсвийн тодотголоор тэтгэврийг итгэлцүүрээр дахин нэмсэн. 3 хувийн ипотекийн зээл орон нутагт олгогдож байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар улсын хэмжээнд ясль байгуулах боломжгүй. Харин асуудлыг хүүхэд харах үйлчилгээгээр шийдэж болно. 2024 оны төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулж 4.5 тэрбум төгрөг зарцуулах саналыг тус яамнаас Сангийн яаманд өгснийг хэллээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд иргэдийн асуултад хариулж, 2024 оны төсөвт Говьсүмбэр аймгийн иргэдийн өөрсдийнх нь эрэмбэлсэн асуудлаар бүтээн байгуулалтын зардлыг тусгахыг хэллээ.


Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Дэлхий нийтээр..2023/09/11
Харь оронд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
-
Дэлхий нийтээр..2021/01/19
У.Хүрэлсүх: Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хүргэх шаардла...
-
Хэн юу хэлэв...2022/04/21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны төсвийн тодотголын төслөө танилцуулж УИХ-д ү...
-
Дэлхий нийтээр..2025/08/05
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажилл...
