Дэлхий нийтээр..
Харь оронд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
“Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний дурсгалыг хүндэтгэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн салбар комисс, хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл болон БНСУ-ын “Чэжү 4.3 Энхтайвны сан”-гийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй зочид, төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцов.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын нийслэлийн салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “Өнгөрсөн түүхэнд хар толбо болон үлдсэн их хэлмэгдүүлэлт, түүний хор уршгийг хойч үедээ танин мэдүүлэх, дахин түүхэндээ давтахгүй байх үүднээс жил бүр иргэддээ зориулан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг. ОХУ-ын Москва хотноо их хэлмэгдүүлэлтийн улмаас амь насаараа хохирсон 249 иргэнд зориулсан хүндэтгэлийн хөшөөг Москвад байгуулж байсан. Гэвч ар гэрийнхэн нь тэр бүр очиход хүндрэлтэй учраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэлийн салбар комисс хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэхүү дурсгалын гэрэлт хөшөөг байгуулсан” гэлээ. Үргэлжлүүлэн Монгол улс хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажлын хүрээнд хүрэлцэн ирсэн БНСУ-ын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг “Чэжү 4.3 Энхтайваны сан”-ийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй зочид төлөөлөгчдөд талархаж буйгаа илэрхийллээ.
“Чэжү 4.3 Энхтайваны сан”-ийн тэргүүн Ко Хи Бум “Хэлмэгдүүлэлтийн хохирогч болсон иргэд болон ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Солонгос орон, ялангуяа манай Чэжү арал дээр Америйн цэргийн том нөлөөлөл байсан. Тухайн үеийн Солонгосын шилжилтийн Засгийн газрын оролцоотой цэрэг болон цагдаагийн хамтарсан тусгай ажиллагаа явуулж олон мянган иргэнийг хэлмэгдүүлж устгасан түүх байдаг. Харин монголчуудын хувьд тэргүүн зэргийн удирдагч, манлайлагчид, нийгэм улс төрийн зүтгэлтэн, элит давхаргын хүмүүс нь хэлмэгдэж байсан юм байна. Энэ дурсгалын чухал өдөр ижил сургамж, гашуун түүхтэй ард түмний төлөөлөл болж зүрх сэтгэлээ хуваалцъя, эмгэнэл илэрхийлье хэмээн зорьж ирсэн юм” хэмээв.
Монголд ажлын айлчлал хийж буй БНСУ-ын өөртөө засах тусгай муж Чэжүгийн “Чэжү 4.3 Энхтайван Сан”-ийн дарга тэргүүтэй төлөөлөгчид маргааш “Өмнөд Солонгосын Чэжү 4:3-ийн Түүх” тусгай үзэсгэлэнг нийтийн хүртээл болгох аж. Тус сан нь хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, нэр төрийг нь сэргээх зэрэг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж.
Эх сурвалж: НИТХ-ЫН ХМТ
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2022/04/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
-
Дэлхий нийтээр..2023/10/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”...
-
Дэлхий нийтээр..2025/06/17
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ
-
Дэлхий нийтээр..2023/03/01
Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
