Үйл явдал
“Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сэтгүүлч, нийтлэлч, иргэдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна.
ЗОРИЛГО: 1992 онд баталсан Ардчилсан, шинэ Үндсэн хууль болон 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдлыг уран сайхны нийтлэл, нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд таниулах, сурталчлах, Үндсэн хуулиа сахин биелүүлэх, дагаж мөрдөх, дээдлэн хүндэтгэх үзэл санааг нийт нийгэм, иргэдэд түгээн дэлгэрүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.
ҮНДСЭН ШАЛГУУР:
- Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаа, ач холбогдлыг зүйл, заалтад тулгуурлан зөв тайлбарлаж, Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхан амьдралын баталгааг хангахад хэрхэн нөлөөлөхийг бодит жишээгээр батлан илэрхийлсэн байх;
- Үндсэн хуулиа дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, дээдлэх чиглэлээр иргэд, байгууллагаас зохион байгуулж болох үйл ажиллагааны талаар асуудал хөндөж, шинэлэг сэдэл, шийдэл дэвшүүлсэн байх;
- Нийтлэл, нэвтрүүлэг нь хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцэж, хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцэд нийцсэн, нэр томьёог зөв хэрэглэсэн байх
ТАВИХ ШААРДЛАГА:
- Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд нь агуулга, хэл найруулгын болон зөв бичих, өгүүлэхүйн алдаагүй байх;
- Телевизийн бүтээл 15-20 минутад багтсан, өнгө дүрс, график дизайны шинэлэг технологийг ашигласан байх;
- Сонин, сайтын бүтээл нь Arial-12 үсгийн фонтоор бичсэн, А4 форматын 5 нүүрээс ихгүй байх;
- Бүтээл нь телевиз, сонин, сайтад нийтлэгдсэн байх бөгөөд телевизийн бүтээлийг DVD, VCD-д хувилж, сонин сайтын бүтээлийн эх хувийг, нийтлэгдсэн хувилбартай хамт авчирч өгөх
- Уралдаанд оролцогчид овог нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээлэл хавсарсгасан байх;
ХУГАЦАА:
- Уралдаан 2019.12.20-ноос 2020.01.10 хүртэл үргэлжилнэ.
- Бүтээлийг хүлээн авах сүүлийн хугацаа 2020.01.10-ны 17.30 цаг
ШАЛГАРУУЛАЛТ:
- Тусгай комисс бүтээлийг шалгаруулж, дүнг 2020.01.12-нд гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр буюу 2020.01.13-нд шагналыг гардуулна.
ШАГНАЛЫН САН:
Телевизийн бүтээл Сонин, сайтын бүтээл
I байр 1 (3.000.000 төг) I байр 1 (2.000.000 төг)
II байр 1 (2.000.000 төг) II байр 1 (1.000.000 төг)
III байр 1 (1.000.000 төг) III байр 1 (500.000 төг)
Тусгай байр 1 (500.000 төг) Тусгай байр 1 (250.000 төг)
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
Утас: 264834, 265841, 264427, 99051306, 91990295
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
