Дэлхий нийтээр..
Засгийн газар, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол Улсын Засгийн газар 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хувийн хэвшлүүд үүсэж бий болсноос хойш 30 жил өнгөрлөө. 30 жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг хамтдаа бодитоор дүгнэх цаг болжээ.
Энэ нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжилд чухал алхам болох юм. Сүүлийн гурван жилд Та бид хамтдаа өнгөрсөн 30 жилийн хамгийн хүндрэлтэй, тодорхойгүй, дэлхийн хэмжээний эдийн засгийн сорилттой нүүр тулгарч, цар тахал, дайны ээдрээтэй цаг үеийг туулж байна. Бидний ололт амжилт, алдаа дутагдлыг бодитоор мэдрүүлж, цаг алдалгүй засаж залруулах ёстойг сануулсан” гээд ДНБ 2021 онд 43, 2022 онд 53.8, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.долларт хүрч тэлсэн байна.
Ийм үед Компанийн тухай хууль үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Хувийн хэвшил зовлонгоо яриад өнгөрдөг, төр сонсоод мартдаг нүдэн балай, чихэн дүлий байдлыг өөрчлөх цаг болсон. Эрх зүйн цогц шинэчлэл тал дээр ажлын хэсэг гаргаж, хамтарч ажиллая. Эдийн засгийн хүртээмжийг иргэд, аж ахуйн нэгжид хэрхэн тэгш хүртээмжтэй байлгах вэ гэдгээ ч ярилцъя гэлээ.

Ирэх онд ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар давна гэж тооцоолжээ. УИХ, Засгийн газраас 30 жилийн хугацаанд гаргасан 560 гаруй баримт бичгийг цэгцэлж, 2019 онд Үндсэн хуульд хөгжлийн бодлого төлөвлөлтийн заалт оруулж, 2020 онд УИХ “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Цаашид хууль эрхзүйн, бодлогын тогтвортой байдлыг хангах боломж бүрдсэн гэж үзэж байна.

МҮХАҮТ-ын танхимын дарга Д.Энхтүвшин Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бизнес эрхлэгчидтэй уулзаж буйд талархал илэрхийлээд Монголын бизнесийн орчны судалгааны урьдчилсан дүнг танилцуулаа. Судалгаанд 4606 аж ахуйн нэгж хамрагджээ. Тэрбээр бизнес эрхлэх орчин дундаж түвшинд байна. Эдийн засгийн орчны үзүүлэлт цар тахлын үеийнхээс найман хувиар буурчээ. Интернэтийн хангамж сайжирсан, инфляцын эдийн засагт үзүүлэх нөлөө худалдаа, тээвэр, боловсруулах үйлдвэрийн бизнес эрхлэх орчин дунджаас доогуур, аялал жуулчлалын салбарынх ахисан дүн гарсан. Бизнес эрхлэх орчныг сайжруулахад татварын таатай орчин буюу хүртээмжтэй байдал чухлыг аж ахуйн нэгжүүд онцолсныг дурдлаа. Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хүний нөөцийн хомсдолд орж буй талаар бизнес эрхлэгчид хэлжээ.
Судлаач Д.Бум-Эрдэнэ “Монголын бизнесийн тренд-2024, Үндэсний ТОП-50 CEO”судалгааны дүнг танилцууллаа. Ирэх онд бизнесийн орчин таатай байх дүр зураг гарчээ. Гэхдээ аль ч салбарт ажиллах хүчний хомсдол үүссэн, төрийн оролцоо хувийн хэвшилд их байна гэх судалгааны дүн гарсан байна.

Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид чөлөөт бүс, эдийн засгийн коридор, эрчим хүч, уул уурхайн салбарт том төслүүд хэрэгжүүлэх саналаа хэлж, төрийн албаны уялдаа холбоо муу, дунд шатанд хүнд суртал их байгааг Ерөнхий сайдад уламжилж байлаа. Мөн аж ахуйн нэгжүүдтэй уулзаад өнгөрөх бус эргэх холбоотой, үр дүн гардаг байх ёстойг ч хэлсэн.
Зарим аж ахуйн нэгжийн төлөөллийн байр суурийг хүргэе.
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт: “Оюутолгой”-г эс тооцвол уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт маш бага. Төр бүтээн байгуулалтын том төслүүдээ хийж байна. Хувийн хэвшилдээ ач холбогдол өгөхгүй, хөрөнгө оруулалт татах талаас ярихгүй байгаа. Хөрөнгө оруулалт татах дагнасан агентлаг алга. Оюутолгойгоос ахиу орлого олоод байгаа учраас уул уурхайн салбарыг орхигдуулаад байна. Үүнийг дагаад засаглал муу. Уул уурхайн салбар ажлын байр цөөн бий болгодог. Засаглалын асуудлыг анхаарах шаардлагатай байна.
“Ачит Ихт” компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан: Бизнес хөгжихөд саад болж буй зүйл бол засаглалын чадавх. Баг, сумын ЗДТГ ч үүнд хамааралтай. Найдвартай дэд бүтэц буюу эрчим хүч, тээвэр, судалгаа хөгжүүлэлтийн соёл Монголд муу, үр өгөөжтэй хууль эрх зүйн орчин бизнес хөгжихөд саад тээг болж байна.
“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар: Эрчим хүчний хараат байдал хөгжлийг хойш чангааж байна. Манай компани түүчээлээд баруун бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай станц баръя. Компаниудад ижил тэгш эрх зүйн орчин бүрдүүлж өгвөл сайн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд “Төр, хувийн хэвшилд аль алинд нь шүүмжлэлтэй зүйлс бий. Алдаа, оноогоо дүгнээд урагшлах ёстой. Ирэх 30 жилийн хөгжил, шийдэл ярья. Монголын компаниуд ирэх 30 жилд олон улсын зах зээлд бизнесээ тэлж, гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, үндэсний томоохон мега төслүүдийг хамтран хэрэгжүүлэх цаг нь болжээ. Хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн өнцгөөс өөрчилье. МҮХАҮТ хувийн хэвшилтэйгээ ярилцаад, хууль эрх зүйн орчноо тодорхойл. Энэ бол шинэ хандлага. Ажлын арга барилдаа хийж буй өөрчлөлт. Бид шаардлагатай улс төрийн дэмжлэг үзүүлнэ. Эрх зүйн цогц шинэчлэл хийхийн тулд төлөвлөгөө гаргаад явъя. МҮХАҮТ гэдэг институцээ олон улсын хэмжээнд хүргэе. Цаашид аливаа хуулийн төслийг МҮХАҮТ-аар дамжуулан хувийн хэвшлийн дуу хоолойг тусгаж, хэлэлцүүлдэг жишиг тогтоох нь чухал” гэлээ.

Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Хэн юу хэлэв...2021/07/09
Б.Мөнхцэцэг: Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр...
-
Хэн юу хэлэв...2019/10/03
Хүүхдийн мөнгийг арилжааны банкуудаар дамжуулахгүй боллоо
-
Үйл явдал2025/12/31
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2023/04/06
Монгол- Оросын хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэнэ
