Хэн юу хэлэв...
В.Батсайхан: Гал түймэртэй тэмцэх байгууллагад ашиглаж байсан бүх төрлийн автомашины загвар надад бий
Нэгэн аав, охины хамт нуурын эрэг дээр очжээ. Аав нь охиндоо хандан “яваад нуурын ус дулаан байна уу, хүйтэн байна уу үзээд ир” гэж гэнэ. Охин усанд хөлөө бага зэрэг дүрж үзээд, аав дээрээ гүйн ирж “Хүйтэн байна” гэхэд, аав нь охиноо тэвэрч аваад нуур руу шидчихэж. Охин гайхсан хэдий ч усанд дасах үед нуур тийм ч хүйтэн санагдсангүй. Тэр үед аав нь охиноосоо ”Нуур ямар байна” хэмээн дахин асуужээ. Охин хариуд нь “Гоё байна” гэв. Харин аав, охиндоо хандан “ямар нэг юмыг мэдрэхийг хүсвэл бүхэл бие, сэтгэлээрээ тэр зүйлдээ орж бай” гэж захижээ.
Дээрх бяцхан түүхд өгүүлсэн шиг бүхий л зүрх сэтгэлээ хоббидоо зориулсан нэгэн эрхмийг “Онцгой мэдээ” сонины “Хобби” булан онцолж байна. Энэ бол ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа В.Батсайхан. Тэрбээр хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэж Монгол Улсын бүтээн байгуулалтад ашиглаж ирсэн 100 гаруй автомашины 1:43 масштаб хэмжээтэй моделийн цуглуулгатай.
-Яагаад машины модель цуглуулах болсон бэ. Хамгийн анхных ямар загвар байв?
-Миний аав жолооч, мэдээ орсон цагаасаа ЗИЛ-130 машины кабинд явдаг байлаа. Анх, олон жилийн өмнө дөө аавынхаа барьж байсан машинуудаар цуглуулгаа эхэлсэн. Харин гал унтраах машины цуглуулгыг 2010 оноос эхэлсэн. Манай гал түймэртэй тэмцэх байгууллагад ашиглаж байсан бүх төрлийн автомашины загвар надад бий. Цуглуулгаа тоолдоггүй, бараг 200 дөхсөн байх. Монголд, зөвхөн надад байдаг цор ганц загвар нэг хоёр ширхэг байгаа.
–Цэргийн түүхийн музейд цуглуулгаараа үзэсгэлэн гаргасан гэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
–2022 оны гуравдугаар сард үзэсгэлэн гаргасан. Тэр үед би өөрөө эзгүй, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Шуурхай штабт томилолтоор ажиллаж таарсан юм. Тиймээс нэг найздаа тоолж хүлээлгэж өгөөд явсан. Хүмүүс их сонирхсон гэсэн.

–Ийм төрлийн цуглуулгатай өөр хүн мэддэг үү.
-Олон байдаг байх аа. Сүүлийн үед хүмүүс аавынхаа барьж байсан машины моделийг их хийлгэдэг болжээ. Гэхдээ хүүхдийн тоглоомтой холихгүйгээр цуглуулдаг гэхээр тоо нь цөөрч магадгүй. Моделийг яг өмнө нь ашиглаж байснаар нь тоноглох чиглэлийн хөгжүүлэлтийг өөрийн урлантай Ү.Одонбаяр ах түлхүү хийж байгаа.
-Цуглуулгаа хадгалж, хамгаалахад бэрхшээл тохиолдох уу. Тухайлбал, зочилж ирсэн бага насны хүүхэд нэхэх зэргээр.
-Нарны хурц гэрэл тусахаас хамгаалах, тоос шороог нь арчих гээд ажил мундахгүй. Ер нь манайхан хүүхдүүдээ багаас нь хүний юманд зөвшөөрөлгүй ойртохгүй, ядаж музей үзэхдээ үзмэрт нь гар хүрэхгүй байх наад захын соёл, хүмүүжилд сургах хэрэгтэй. Миний цуглуулгын ирж үзсэн хүүхдүүд гэртээ хариад тоглоомуудаа угааж цэвэрлэн, өрж тавьдаг болдог л гэсэн.

-Хамгийн дурсамжтай олдсон нь аль вэ. Муудсан зэвэрсэн хаягдсан модель олж засаж шинэчилж авсан гэх мэт?
-Байлгүй яах вэ. Хямдхан худалдаж аваад урландаа будаж тоноглоод нөгөө хүндээ буцаад харуулахаар танихгүй байх жишээтэй.
-Танд өөр төрлийн цуглуулга байдаг уу?
–Ном. Онцгой байдлын салбарт ажилладаг эрдэмтний хувьд дотоодод 20, гадаадад 23 илтгэл, өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна. Мөн 2021 оноос “Уур амьсгалын өөрчлөлт тарваган тахлын байгалийн голомтын биологийн төрөл зүйл, хөдлөл зүй, хүн амын зарим эрсдэлт хүчин зүйлд үзүүлэх нөлөө” суурь судалгааны ажлын удирдагчаар ажиллаж байна.

–Таны хоббиг хамгийн их дэмждэг хэн байдаг вэ
-Мэдээж гэр бүлийнхэн. Гадаад явахдаа авчирч өгдөг найз нөхөд гээд дэмждэг хүмүүс олон.



Эх сурвалж: ОБЕГ
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
