Дэлхий нийтээр..
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэх, гол асуудлыг тодорхойлох зорилготой хэлэлцүүлэг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр боллоо.
Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, “Санхүү ба татварын реформ” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр, НӨАТ-ын бүртгэлийн тогтолцоог сайжруулахаас татварын шинэчлэлийг эхлүүлэхээр төлөвлсөн боловч цаг хугацааны хайчинд ороод амжсангүй. Тиймээс шууд нийтийн санхүүгийн шинэчлэлээс татварын реформыг эхлүүлэх нь зүйтэй. Тухайлбал, төсвийн үр ашиггүй зардал, төрийн өмчит компаниудын ашиггүй үйл ажиллагааг зогсоох ёстой. Өнөөдөр манай улсын эдийн засаг импорт, халамж, хос алдагдал, зээлийн хүүний дарамтад орсон байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд импортын эзлэх хувь 30 жилийн өмнө 29,8 хувь байсан бол 2022 онд 50,8 хувь болон өссөн. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн алдагдал 30,4 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ алдагдлыг 33,8 тэрбумаар гадаад өр, зээлээс нөхөж иржээ гээд импортоор гарч буй мөнгөний урсгал, валютын ханшид үзүүлж буй нөлөөлөл зэргийг товч танилцуулсан.
Хэлэлцүүлэгт МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш Н.Саруултөгс татварын орчны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэв. Тэрбээр, Монгол Улсын татварын ачааллыг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагуудын гишүүн болоод гишүүн бус улсуудын дундажтай харьцуулан судлахад дунджаар гишүүн бус орнуудын үзүүлэлтээс дунджаар 5,6 функтээр их байна. Энэ нь манай улс татварын ачааллаар дундаж улс гэдгийг илэрхийлж байна гээд татварын бодлогын нөлөөллийг танилцуулсан. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг нэмэгдэж тэлэх, татварын бодлогын нөлөөллөөр татварын орлого нэмэгдэж байна. Татварын орчны өөрчлөлтүүд нь татварын дарамтыг бууруулах, татвар төлөгчдөд нөлөөлөх байдлаар бууруулж ирсэн. Далд эдийн засаг өндөр байгаа нь шударга татвар төлөгч байгууллага, хувь хүнд татварын дарамтыг нэмэгдүүлж байх магадлалтай гэв.
Мөн МҮХАҮТ-ын Судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар 2023 оны бизнесийн орчны судалгаа болон татварын орчны талаар илтгэл тавьсан. Түүний дараа хэлэлцүүлэгт оролцож буй бизнес эрхлэгчид татварын орчныг шинэчлэх талаар санал бодлоо илэрхийллээ.
Тухайлбал, “Өлзий төв” ХХК-ийн захирал Н.Даш-Өлзий, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд татварын реформыг хийх нь чухал. Аж үйлдвэрлэлийг хөгжүүлж чадаагүй учраас эдийн засаг зөв гольдролдоо орж чадахгүй байна. Нэн тэргүүнд эх орондоо үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх ёстой гэсэн бол Хүнсчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах, манайд 422,5 мянган иргэн хүнсний сүлжээнд ажиллаж байна.
Түүхий эдээ хил гаалиар оруулахаас эхлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах улмаар хэрэглэгчдийн гарт очих хүртэл шат дараалсан, давхардуулсан татвар төлж байгаа нь бидэнд том дарамт болдог. Мөн татварын дарамт, ажиллах хүчний хомсдол зэргээс шалтгаалан сүүлийн үед олон үйлдвэрлэгчид дампуурч эхэллээ. Ялангуяа нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-ын хувь хэмжээг бууруулснаар татварын шинэчлэл эхэлнэ гэж үзэж байна гэв.
Мөн Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Мөн ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нар татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд баримтлах бодлогыг танилцууллаа. Уулзалтад Ажлын хэсгийн гишүүд болох Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц. Цэрэнпунцаг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
