Үйл явдал
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговь, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 15-нд говь, талын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар -34-39 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Улз, Халх голын хөндийгөөр 27-32 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. 19-21 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм хүйтэн байна.
2023 оны 12 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, 17-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд говь, талын нутгаар, 16-нд нутгийн зарим газраар, 17, 18-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 33-38 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
