Дэлхий нийтээр..
Шадар сайдын мэдээллийг сонсов
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонссонтой холбогдуулан зохион байгуулж байгаа ажил, түүний явц, байдлын талаар”-х мэдээллийг сонслоо.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв. Тэрбээр Улсын Их Хурал, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Архангай, Завхан аймгийн 11 суманд ажиллан өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнтэй танилцсан болохоо хэллээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрсэн, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс зуд эхэлсэн, 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байгаа гэв. Үүсээд байгаа бэрхшээл нь зөвхөн малчин, тариаланчдын асуудал биш, улс орны хүнсний хангамж, нийлүүлэлт, эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарын хувь заяатай холбоотой гэдэг мэдээллийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг танилцуулав.
Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн ч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгдэж байгаа юм байна. Аймгуудын мэдээллээр 5.1 сая толгой малыг хүнсэнд, 12.1 сая толгой малыг зах зээлд нийлүүлэх, нийтдээ 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр судалгаа ирүүлжээ. Энэ нь нийт малын 21.5 хувь, 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцэж байгаа аж.
Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээллээр нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон, хүйтний эрч улам чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлж мөсөн бүрхүүл тогтох зэргээс үүдэн 2023-2024 оны өвөлжилт асар хүнд байгаа, хаваржилт нэн хүндрэх төлөвтэй байна гэдэг мэдээллийг танилцууллаа. Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим хувьд нэн их, их, 26 хувьд дунд зэрэг эрсдэлтэй гэж гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 гаруй суманд цагаан зуд болж байгаа бол 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байдалтай, үндсэндээ бүх аймаг, сумд зудын нөхцөлд байгаа аж. Манай орны нийт нутгаар 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 4 удаа цаг агаарын аюулт үзэгдэл болж, цахилгаан дамжуулах шугам сүлжээ унасан, мал сүрэг олноор хорогдсон, олон тооны хүн салхи шуурганд туугдаж, төөрөн, бүр амь насаа алдсан зэрэг харамсалтай тохиолдлуудын талаар мэдээллээ.
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаа тул цас их орсон аймгуудын малчдад малаа ангилж ялгах, шаардлагатай хэрэгцээнд нөөцлөх уриалга гаргажээ. Үүсээд байгаа нөхцөл нь малчид, Засгийн газар хоорондоо шийдэхэд хүндрэлтэй байгаа тул орон даяар малчдад туслах аян эхлүүлсэн гэв.
Аймаг, сумдад жилийн эцсийн мал тооллого болж, дүнг нь нэгтгэж байгааг мөн хуралдааны үеэр гишүүдэд танилцуулсан. Газар дээр нь очиж тоолохын сацуу утсаар мэдээлэл авах байдлаар дүнг нэгтгэх асуудал гарсан учраас нягтлах шаардлага үүссэн байна.
Үргэлжлүүлэн Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулав. Комиссын 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар орон нутаг руу шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, малчдын бэлтгэсэн махыг зах зээлийн эргэлтэд оруулах, малын тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээг малчид, иргэдэд илүү ойртуулах, мэргэжлийн түвшинд зохион байгуулах үүрэг чиглэлийг салбарын яамдад өгч, хэрэгжилтийг ханган, хяналт тавьж, гүйцэтгэлийг дүгнэн ажиллаж байгаа гэлээ. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргийн малчид, мал бүхий иргэдэд улсын нөөцөөс 4015 тонн хивэг, 1274 тонн хорголжин тэжээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 50 хувийг хөнгөлөн олгох асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ дагуу аймаг, сумдын онцгой комисс хуваарилалт хийж, зохион байгуулж байгаа аж.
Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар 82 мянган тонн хүнсний улаан буудай импортлох зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр гурилын үйлдвэрүүдийн үйлдвэрлэл хэвийн, тогтвортой болж, дагаад хивэг, тэжээлийн нийлүүлэлт тогтворжих боломжтой гэж үзсэн байна.
Өвсний экспортыг 2023 оны 9 дүгээр сард, тэжээлийн экспортыг энэ оны 12 дугаар сараас 2024 оны 3 дугаар сар хүртэл хориглосон байна. Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй, санхүүжилтийн эх үүсвэрийг олгохоор Засгийн газар шийдвэрлээд байгаа аж. Иймд салбарын яам холбогдох зохион байгуулалтыг хийж байгаа гэлээ. Малчид олон тооны малыг мах болгон бэлтгэсэн ч худалдан авалт хангалтгүй, тээврийн зардал өндөр, хадгалах зоорь байхгүй байгаа гэх мэдээлийг С.Амарсайхан сайд танилцууллаа. Иймд Улсын онцгой комисс, салбарын яамнаас мал, мах худалдан авдаг, боловсруулдаг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран сум, баг, аймгийн хэмжээнд бүсчилсэн явуулын худалдан авах цэг зохион байгуулахаар ажиллаж байгаа, улмаар тээвэрлэлт, түлш, шатахууны чиглэлээр дэмжлэг үзүүлэх ч нөхцөл үүсэх магадлалтай гэлээ.
Өвөлжилтийн нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулснаар өвлийг өнтэй, хохирол багатай даван туулахтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд орон даяар шилжсэн байгаа гэлээ. Энэ жилийнх шиг цас зудын нөхцөл сүүлийн 10-20 жил тохиолдоогүй байна. Цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын хүндрэлээс шалтгаалсан иймэрхүү хүндрэл цаашдаа улам нэмэгдэх эрсдэлтэйг Шадар сайд дурдаж байв. Иймд салбар дундын зохицуулалтыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд холбогдох яамд анхаарч, ажлыг эзэнжүүлж, гүйцэтгэлийг нь хангуулж, үр дүнг нь тооцож, зохион байгуулалтаа сайжруулах шаардлага бий гэв.
Түүнчлэн Шадар сайд Төрийн хэмнэлтийн хуулийг өөрчлөх шаардлагын талаар саналаа танилцуулсан. Энэ хуулийн хэрэгжилтийн улмаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 57 сум автомашингүй, түлш, шатахуун авч чадахгүй байгаа аж. Дээрх хуулиар аймаг, сум төсвөө захиран зарцуулж, орон нутгийн хэмжээний асуудлуудаа шийдвэрлэх нь хориотой байгаа гэлээ. Зарим лаборатори урвалж бодисоо ч худалдан авах боломжгүй болоод байгааг дуулгасан. Цар тахлын уршгийг арилгах зорилгоор Төрийн хэмнэлтийн хуулийг баталсан нь үр нөлөөгөө өгсөн, гэхдээ өнөөгийн нөхцөлд эрсдэл үүсгэж байгааг тайлбарлав.
Төв, Архангай, Завхан аймгийн онцгой комиссын үйл ажиллагаанд шаардлагатай 60 тонн шатахууныг шийдвэрлэж өгсөн. Хөдөө орон нутаг, тэр дундаа алслагдсан сумдад шатахууны нийлүүлэлт хангалтгүй байгаа тул Улсын онцгой комиссоос холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
Завхан аймгийн Арц суурийн хилийн боомт төдийгүй баруун аймгийн боомтуудаар импортолж буй малын тэжээл, гурил, шатахуунны татварыг хөнгөлж, чөлөөлөх шийдлийг гаргахгүй бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр Улаанбаатараас хүргэж буй энэ төрлийн болон бусад төрлийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол, тээврийн зардлаас үүдсэн хэт өндөр үнэтэй байгаа нь олон сөрөг үр дагавартай байгааг танилцууллаа. Улаанбаатар хотоос үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлээд хүргэхэд 2 дахин илүү үнэтэй болдог гэв. Үүний оронд боомтуудаараа дамжуулан хямд үнээр бараа, бүтээгдэхүүн авах боломжтой аж. Улаанбаатар хотод 35-40 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа тэжээлийг боомтоор дамжуулан авахад 15 мянган төгрөгийн үнэтэй болж байгаа гэлээ. Иймд шаардлагатай тохируулгыг хийж, хил гаалийн асуудлыг цэгцлэх үүднээс Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүлээд байгаа аж. Үүн дээр холбогдох яамд анхаарал хандуулж, яаралтай арга хэмжээ авах шаардлага бий гэлээ.
Тодорхой тооны сумдын түргэн тусламжийн автомашиныг шийдвэрлэсэн, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын нэг цонхны системийг нэвтрүүлсэн, БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлсэн, тус улсын Гаалийн ерөнхий газрын цахим системд адууны мах экспортлох, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох дөрвөн үйлдвэрийг шинээр бүртгүүлсэн зэрэг мэдээллийг мөн Шадар сайд Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд танилцууллаа.
Махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд өнөөдрийн байдлаар 73.1 мянган тонн махыг экспортолсон байна. Түүнчлэн малын арьс, шир, дайвар бүтээгдэхүүн үнэгүйдэж байгааг шийдэх асуудлыг малчид олонтаа хөндөж байгааг мөн гишүүдэд танилцууллаа.
Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонссонтой холбогдуулан зохион байгуулж байгаа ажил, түүний явц, байдлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Ц.Туваан, Н.Наранбаатар нар асуулт асууж, Шадар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооноос холбогдох тогтоолын төслийг боловсруулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Ж.Батжаргал гишүүн танилцууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, саналаа илэрхийлсэн юм. Дараа нь санал хураалт явуулахад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 63.6 хувь нь "Өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив. Үүгээр хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Үйл явдал2024/08/19
Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж ба...
-
Дэлхий нийтээр..2022/08/09
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар албан ё...
-
Дэлхий нийтээр..2025/04/10
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Дэлхий нийтээр..2024/10/25
Хамтын ажиллагааны талаар санал солилцов
