Үйл явдал
Нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2024 оны нэгдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
2024 оны нэгдүгээр сарын 11-нээс 2024 оны нэгдүгээр сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр цас орно, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө -18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 13-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Үйл явдал2023/10/09
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2024/07/30
Гэрээ байгуулсан 885 иргэний нөхөх олговрын мөнгийг шилжүүлээд байна
-
Дэлхий нийтээр..2025/01/23
АТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэв
-
Дэлхий нийтээр..2022/09/13
“Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн марк худалдаанд гарч эхэл...
