Хэн юу хэлэв...
Д.Жаргал: Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэх нь нэн чухал байна
Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргалтай ярилцлаа.
-БХБ-ын сайд, ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар “Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй, байдал, эрүүл ахуй” аяныг 3 сарын хугацаатай улс орон даяар өрнүүлж, дууссан. Аяны тухай мэдээллээр ярилцлагаа эхэлье. Аяны хүрээнд ямар ажлуудыг хийв. Хамрах цар хүрээ, зохион байгуулсан ажлынхаа талаар танилцуулбал?
-Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 199, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/117 дугаар хамтарсан тушаалаар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” 3 сарын аяныг 4 бүлгийн хүрээнд 22 ажил зохион байгуулахаар төлөвлөгөө, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг батлуулан 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлж, улсын хэмжээнд “Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө хамтдаа” уриан дор барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Сайдын албан даалгавар болон зөвлөмж, мэдээллийг бэлтгэн олон нийтэд түгээх, үзүүлэх дадлага сургуулилт, танхимын болон онлайн сургалт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг олон талын арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
-Статистикаар сүүлийн жилүүдэд барилгын салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажиллаагүйгээс үүдэн гарсан осол аваарын тоон үзүүлэлтийн тухайд?
-Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 38 хөнгөн, 87 хүнд, 44 хүн нас барсан, 2022 онд нийт 50 осол бүртгэгдсэнээс 7 хөнгөн, 28 хүнд, 15 хүн нас барсан, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 11 осол, хурц хордлого бүртгэгдсэнээс 5 хөнгөн, 5 хүнд, 1 хүн нас барсан мэдээлэл бүртгэгдсэн байна.
Аяныг 3 сарын хугацаанд зохион байгуулан 1097 тооны барилгын хамгаалалтын түр хашаа, хамгаалах тор, хаалт, хашлага, шат, лифтний хонгилын хаалт, мэдээллийн самбар, эрсдэлээс сэргийлэх тэмдэг тэмдэглэгээг хийлгүүлсэн. 290 аж ахуйн нэгжийн 2827 инженер, техникийн ажилтнуудыг 646.252.200 төгрөгөөр амь насны даатгалд хамруулж, 284 барилгын краны аюулгүй байдлыг хангуулан, 125 краныг буулгаж, 12 краны үйл ажиллагааг зогсоож, лацдах арга хэмжээ авсан. Аяны хугацаанд хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй. Харин үйлдвэрлэлийн осол гэмтэл өмнөх оны үзүүлэлтээс үйлдвэрлэлийн хөнгөн гэмтэл 28.6 хувиар, хүнд гэмтэл 82.1 хувиар, нас баралт 93.3 хувиар буурсан байна. Өндөр барилгуудад суурилуулсан краны техникийн болон орчны аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсан нь аяны хүрээнд урьдчилан сэргийлэх томоохон шалгалт болсон бөгөөд өргөх байгууламжид 2022 онд 20 техникийн осол гэмтэл бүртгэгдсэнээс 14 хөнгөн, хүнд гэмтсэн, 6 хүн нас барсан, 2023 онд 4 техникийн осол гэмтэл бүртгэгдсэнээс 2 хөнгөн, хүнд гэмтсэн, 2 хүн нас барсан. Өмнөх оны үзүүлэлтээс техникийн хөнгөн, хүнд гэмтсэн 85.7 хувиар, нас баралт 66.6 хувиар буурч, аяны хүрээнд краны техникийн осол, гэмтэл бүртгэгдээгүй байгаа нь аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр тодорхой чиглэсэн ажлуудыг тогтмолжуулж хийж хэвшүүлснээр осол гэмтлийн эрсдлэлийг буурлуулах боломжтой нь харагдаж байна.
-Барилгын салбарт аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад цаашид юунд анхаарах шаардлагатай байна вэ. Ямар зөвлөж хүргүүлж байв?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хуульд заасны дагуу төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах гэсэн заалтын хэрэгжилтийг ханган ажиллах шаардлагатай байна.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хүрээнд дотоод хяналт шалгалт болон захиалагч, зохиогчийн хяналт, барилгын материалын сорилт шинжилгээний лабораторид өгч магадлан баталгаажуулалт хийх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулан илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг барилгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хэрэгжүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх нь нэн чухал байна. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайдын 2023/03 дугаартай “Барилгын ажлын аюулгүй байдлыг хангуулах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж, барилгын норм нормативын баримт бичгийг барилгын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах хэрэгтэй байна.
-Салбарын яамнаас энэ талаар цаашид ямар бодлого баримтлан ажиллах вэ?
-Барилга байгууламжийн зураг төслийг зөв оновчтой төлөвлөх, шаардлага хангасан барилгын материал бүтээгдэхүүн хэрэглэх, угсралтын ажлыг чанартай гүйцэтгэх, ажиллагсадын болон орчны аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээг авч, хуулийн хэрэгжилтийг хангуулах, дотоод хяналтыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн шаардлага хангасан барилга байгууламжийг улсын комиссоор хүлээн авч, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, барилгын ашиглалтын үед анхны төлөвлөлт, зориулалт, үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт оруулахгүй байх, ашиглалтын үеийн төлөв, чанар аюулгүй байдлыг хангуулж, хариуцлагыг өндөржүүлэх асуудлууд тавигдаж байна. Энэхүү хүрээнд Барилгын тухай хууль болон барилгын норм нормативын баримт бичгийг үе шаттай шинэчлэн боловсруулах ажлуудыг хийж байна.
-Аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй аж ахуйн нэгж, компаниудад цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ. БХБ-ын сайд Ц.Даваасүрэн аюулгүй ажиллагааг баримталж ажиллаагүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авна гэж хэлсэн?
-Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, өгөгдсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй барилгын угсралтын үйл ажиллагааг явуулж буй 6 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн дүгнэлтүүдийг гарган Барилгын тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх мэдэгдлийг хүргүүлж, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж байна. Мөн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг 2 жил дарааллан эрхлээгүй 89 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 277 дугаар тушаалаар хүчингүй болгосон зэрэг барилгын үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
-Барилгын тухай хууль, тушаал шийдвэрүүдийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарт 428 норм ба дүрэм, барилгын дүрэм, заавар, цомог, аргачлал хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 2023 онд нийт 150 норм нормативын баримт бичиг боловсруулахаар тусгагдсанаас боловсруулж байгаа 102 норматив баримт бичиг, шинээр боловсруулах 48 норматив баримт бичиг байна. Тухайлбал "Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт"-ыг боловсруулан Засгийн газрын 2023 оны 97 дугаар тогтоолоор,"Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт"-ыг 98 дугаар тогтоолоор тус тус батлуулаад байна. Мөн Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм /БНбД 12-04-06/, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага /БНбД 12-03-04/, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар /БД 12-101-05/ зэргийг шинэчлэх ажлууд хийгдэж байна. Мөн улсын төсөв болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, бус эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа болон өргөтгөл, шинэчлэл хийгдэж байгаа төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн угсралтын ажил болон ашиглалтын чанар, техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Барилгын салбараас баримталж буй бодлого, шийдвэр болон норм нормативын баримт бичгийн шаардлагыг хангаж ажиллах, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, захиалагч, зохиогчийн хяналтыг сайжруулан хариуцлагыг өндөржүүлэх, барилгын ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлыг хангуулах, засвар шинэчлэлтийн ажлыг норматив хугацаанд барилгын өмчлөгч, эзэмшигч байгууллагууд Барилгын тухай хуульд заасан эрх үүргийн дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай байна.
Эх сурвалж: БХБЯ
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






