Үйл явдал
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
2024 оны хоёрдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс шөнөдөө секундэд 4-9 метр, өдөртөө секундэд 7-12 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар Фён салхины нөлөөгөөр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгороор 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн нурууны ар бэлээр 4-9 хэм дулаан, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
2024 оны хоёрдугаар сарын 16-наас 2024 оны хоёрдугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2021/02/11
COVID-19: Гэртээ байгаа иргэдэд өгөх зөвлөмж...
-
Дэлхий нийтээр..2022/02/23
Аж үйлдвэржилтийг сэргээх ажлын хүрээнд 13 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ
-
Дэлхий нийтээр..2022/05/26
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмуудыг баталлаа
-
Үйл явдал2024/12/25
Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан
