Үйл явдал
Дүүжин тээврээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой
Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлнэ.
Барилга угсралтын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Эхний шугамыг 6-8 сарын хугацаанд барьж дуусах бөгөөд хагас жилийн хугацаанд туршилтаар явуулж байж иргэдэд үйлчлэх юм. Ингэснээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно.
Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ аль болох нийтийн эзэмшлийн зам, талбайг сонгосон бөгөөд замын нөлөөлөлд “Улаанбаатар БҮК” ХК-ийн газар өртөж буй. Тодруулбал, тус компанийн газарт дүүжин тээвэр явах цамхаг байрлуулах шаардлагатай байгаа тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд холбогдох албаныхан төслийн талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төсөл хөтөлбөрийн албаны дарга бөгөөд төслийн ерөнхий менежер Б.Эрдэнэсайхан "Дүүжин тээвэр ашиглалтад орсноор 50-60 автобус явах чиглэлийг нэг шугам л орлоно. Жилийн дөрвөн улирал ашиглах боломжтой. Дуу чимээний бохирдол үүсгэхгүй, эко нийтийн тээвэр гэдгээрээ онцлогтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй. Нэг бүхээгт 10 орчим хүн багтана. Төслийн хүрээнд 15 шинэ стандартыг батлуулж байна" гэлээ.
“Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлд тулгамдаж байгаа асуудал олон бий. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн зүгээс хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байгаа. Дүүжин тээврийн төсөл хэрэгжсэнээр хувийн автомашинаар зорчих хөдөлгөөн буурч, түгжрэлд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна. Мөн Эрчим хүчний гудамжны замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил эхэлж байна. Яармагийн шинэ гүүр зургаадугаар сард ашиглалтад орно” гэв.
Түүнчлэн “Улаанбаатар БҮК” ХК-ийн газарт цамхаг байрлуулахыг зөвшөөрвөл жил бүр газрын төлбөрийн 50 хувийг чөлөөлж, шаардлагатай тохиолдолд өөр байршилд газар хүсэх боломжтой гэдэг санал тавьж, хамтран ажиллахыг хүссэн юм.

“Улаанбаатар БҮК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Хотын дарга ирж, санал тавьж байгаад талархал илэрхийлж, төрийн байгууллагатай улсаа хөгжүүлэхэд хамтран ажиллахаар зорьж байгаагаа хэлж байлаа. Түүнчлэн хүчин чадлаараа Монголд хамгийн томд тооцогдох үйлдвэр бөгөөд өндөр хүчин чадал бүхий зургаан цехтэй гэдгээ тодотгож байв. Тэд мөн дүүжин тээврийн цамхаг тавьсны дараагаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсэх вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байлаа. Хотын дарга үйлдвэрлэл эрхлэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Шаардлагатай бол Засгийн газрын тогтоол гаргах эрх зүйн үндэслэл бий гэдгийг хэллээ.
“Улаанбаатар БҮК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, Хотын даргын тавьсан саналыг судалж, бичгээр хариу өгөхөөр болов.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2022/11/03
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Үйл явдал2025/06/06
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2024/01/24
Нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол чөлөөлөх ажил явагдаж байна
-
Дэлхий нийтээр..2023/12/05
АТГ: Эрүүгийн 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
