Дэлхий нийтээр..
Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулав
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж, тус хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/889 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэн нөөцлөх, худалдан борлуулах ажлыг жил бүр зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг гурав удаа хуралдаж, нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөд шаардагдах хөрөнгийн талаар арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулсан байна.
Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ХХААХҮЯ арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, шаардагдах зээлийн хүүгийн зардлыг сайдын багцад тусгаж, зохион байгуулж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хаврын улирлын махны бэлтгэн нийлүүлэлт, нөөцлөлт төлөвлөсөн дагуу хангагдаж байгаа гэж ойлголоо. Холбогдох газрууд цаашид ажлаа сайтар уялдуулж ажиллаарай” гэв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дараагийн хуралдаанаар дахин мэдээ мэдээллээ нэгтгэн танилцуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Дараа нь хуралдаанд Сургуулийн хүүхдийн автобусны “UB school bus” гар утасны аппликейшны талаар танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир хийв.

“UB school bus” ухаалаг гар утасны аппликейшн нь эцэг, эхчүүдэд зориулсан сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдийнхээ байршлыг хянах, тогтоох зорилготой аппликейшн юм. Эцэг, эхчүүд тус аппликейшнийг ашиглан сургуулийн автобусаар зорчигч бага ангийн сурагчдад олгосон NFC чип бүхий бугуйвчны баар код болон хүүхдийн мэдээллийг бүртгэнэ. Ингэснээр сурагчид автобусанд суух болон буух үедээ автобусанд байрлуулсан бугуйвчийг уншигч төхөөрөмжид ойртуулан уншуулах бөгөөд эцэг, эхчүүд “UB school bus” аппликейшнээс хүүхдийн автобусны хөдөлгөөн байршлын мэдээлэл болон хүүхдийн автобуснаас бууж, суусан мэдээллийг хянах боломжтой болох аж.
Хотын Захирагч С.Амарсайхан “Сургуулийн автобусны жолооч нарыг сургалтад хамруулах нь зүйтэй. Мөн сайн ажилласан жолооч нарт урамшуулал олгох асуудлыг холбогдох газрууд судал. Эцэг, эхчүүдэд аппликейшнтэй холбоотой мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн түгээж ажилла. Тухайн аппликейшнийг цаг үетэй нь нийцүүлэн шинэчилж хэрэгжүүл” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2021/11/29
"Ковид-19"-ийн шинэ хувилбар болох Омикрон (B.1.1.529)-ы талаар ДЭМБ-а...
-
Үйл явдал2020/10/29
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ 7 хоногт...
-
Үйл явдал2021/12/07
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2024/10/30
Ойн аж ахуйн чиглэлээр Солонгос улсад туршлага судаллаа
