Үйл явдал
Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.
2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2024 оны дөрөвдүгээр сарын 11-нээс 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11, 12-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 13-нд баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2019/10/30
Шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоол батлагдлаа
-
Дэлхий нийтээр..2020/06/26
СОНГУУЛЬ 2020: 15-р тойрог /Увс аймаг/
-
Дэлхий нийтээр..2019/12/13
М.Ганбаатар: 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дуус...
-
Дэлхий нийтээр..2023/05/10
Хуулийн төсөл боловсруулагчдад зориулсан сургалтын зохион байгуулалтын талаар уу...
