Үйл явдал
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих авто замын төслүүдийг шуурхай ажиллуулах талаар санал солилцов
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцлоо.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг өнгөрсөн 2023 онд УИХ-аар батлуулсан.
Энэ хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто зам, найман байршилд 1205 у/метр гүүрэнд их засвар хийхээр болсон.
Монгол Улсад барилгын ажил гүйцэтгэх боломжтой хугацаа маш богино учраас төслийн бэлтгэл ажлыг хангаж, зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, зураг төсөл боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.
Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хамгийн их эвдрэлтэй замд их засвар хийх тул төслийн үр ашиг нэн чухал ач холбогдолтой тул хэрэгжилтэд Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс онцгойлон анхаарч байгааг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэллээ.
Ташрамд дурдахад, Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 1996-2002 онд “Тээврийг сэргээх төсөл”, “Тээврийг хөгжүүлэх төсөл” хэрэгжсэн. Тус төслүүд нь Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болсон байдаг.
Тухайлбал, баруун аймаг чиглэлийн хамгийн их бартаа, саадтай, өндөр даваа, намагтай хэсгийг сонгож хайрган хучилттай зам, мөн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 200 км авто замыг хатуу хучилттай замыг барьсан гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2021/04/30
МАН, МАХН хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо
-
Хэн юу хэлэв...2023/02/01
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
-
Чөлөөт бүс2026/04/02
Өмнөд Хятадын тэнгисийг захирч асан Улаан далбаат флот
-
Дэлхий нийтээр..2021/04/05
18-аас дээш насныхан хэрхэн вакцин хийлгэх вэ
