Үйл явдал
Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн ил тод, нээлттэй, хяналттай зохион байгуулахад бүх талаар хамтран ажиллахад бэлэн
Сонгуулийн ерөнхий хороонд Ардчилсан нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам, Монголын Социал Демократ нам, Монголын хүний төлөө нам, МИДАС төрийн бус байгууллага хамтран шаардлага ирүүлэв.
Нэг хүн нэг санал өгөх зарчмыг хангах, хурууны хээ давхцахаас сэргийлэх, сонгогчдын нэрийн жагсаалтыг онлайн болгох, санал авахад иргэний үнэмлэх шалгах, сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийг шалгах, тулгах чиглэлээр намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулах зэрэг шаардлагыг Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа танилцуулсан юм. Түүнчлэн хяналтын тооллогыг дэлгэцээр гаргах, видео бичлэг хийх эрх олгох, санал тоолох төхөөрөмжийн үйлдлийн систем болон программ хангамжийг мэргэжлийн хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зэрэг шаардлага хүргүүлж байгаагаа мэдээллээ.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор нам, эвсэл, нэр дэвшигч, иргэд, ажиглагчдын оролцоог бүрэн хангаж ажиллана гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ шаардлагыг хүлээн авахдаа танилцуулав. Сонгуулийн ерөнхий хороо нь шударга сонгуулийн төлөө нам, эвсэл, иргэд, төрийн болон төрийн бус аль ч байгууллагатай хамтран ажиллахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлээд хууль бус үйл ажиллагаа, үйлдэл байгаа бол гагцхүү баримттай, бодитой мэдээлэл ирүүлэхийг хүслээ. Сонгуулийн автоматжуулсан системийг туршиж, баталгаажуулахад хяналт тавьж, нягтлан шалгах хүсэлтийг ээлжит сонгуульд оролцож байгаа бүх нам, эвсэлд хүргүүлсэн. Шалгаж, хянаж, баталгаажуулахад хамтран ажиллаж, эргэлзээг мухарлах боломжийг хангаснаар сонгогчдод үнэн зөв бодит мэдээлэл өгөх боломж бүрдэх юм гэдгийг онцлов.
Хуульд заасны дагуу давхардал, зөрчил байгаа эсэхийг нягтлан шалгуулах зорилгоор нийт сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэлд хоёр удаа хүргүүлэхээс гадна шаардлагад дурдсан сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн санг ажиллуулах талаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд тодорхой зохицуулалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулж баталсан гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл, шаардлагад дурдагдсан нэг хүн нэг л удаа санал өгөх нь хуульд заасан сонгогчдын нэгдсэн сангийн тухай ойлголтод хамаарч байгааг тайлбарлав. Гадаад улсад байгаа иргэдээс авсан саналыг тоолох үйл ажиллагаа бүрэн нээлттэй, бөгөөд уг үйл ажиллагаанд нам, эвслийн ажиглагчид нээлттэй оролцоно. Мөн энэ удаагийн сонгуулиар хяналтын тооллогыг бүх хэсэгт 100 хувь зохион байгуулах бөгөөд гар аргаар тоолох үйл ажиллагаа нь хяналтын камерын дор зохион байгуулагдана, үүнд нам эвслийн ажиглагчдаас гадна хэвлэл мэдээллийн байгууллага иргэд нээлттэйг оролцох, хяналт тавих бүрэн боломжтойг танилцуулсан юм.
Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцож талуудын шаардлагыг нээлттэй хүлээн авч, сонгогчдыг эргэлзүүлсэн, төөрөлдүүлсэн, худал мэдээллийг мухарлаж, сонгогчдод үнэн зөв, бодит мэдээлэл өгч нээлттэй ажиллана. Гагцхүү эх сурвалжаа нягталж шалгасан, бодитой мэдээлэл гомдол ирүүлж байхыг хүслээ гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2025/03/26
УИХ-ын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан бол...
-
Үйл явдал2025/03/25
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна!
-
Дэлхий нийтээр..2023/04/24
УЕПГ: Нүүрстэй холбоотой 7 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжэ...
-
Дэлхий нийтээр..2025/03/10
Гандантэгчэнлин хийд Их хааны шүтээн хөргийг эрхэмлэн заллаа
