Хэн юу хэлэв...
Г.Хандаа: Эсгүүрчин хүнд нүдний, гарын, ухааны ур гэж бий
Хилчид Хандаа эгчид хэмжээгээ өгч оёулах дуртай. Учир нь хэмжээ алдана гэж байдаггүй. Биед яг тааруулж эсгэж өгдөг болохоор бүгд л дуртай. Оёдлын үйлдвэрийн анхны эсгүүрчин гэгдэх туршлагатай эгчтэйгээ илүү дотно танилцсан юм.
-Та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-1992 онд оёдлын үйлдвэр нэг мастер, дөрвөн оёдолчин, нэг эсгүүрчинтэйгээр байгуулагдах үед нь орж байлаа. Ингээд 28 дахь жилдээ хилчдийнхээ хувцсыг эсгэж сууна даа.
-Ямар хувь зохиол хилчидтэй холбосон бэ?
-Эгч нь “Бөртэ”-д 1972-1992 он хүртэл ажиллаж байлаа. Надтай хамт ажиллаж байсан Сугар гээд мастер “Хилийн цэрэг оёдлын үйлдвэр шинээр байгуулж байгаа. Чи ирж ажиллаач” гэж гуйсан юм. Би 20 жил “Бөртэ”-д ажиллачихаад нэг л өдөр орхиод гарах хэцүү байсан ч хүнийг шинэ ажил эхлэх гэж байхад нь тусалья гээд гарсан. Том үйлдвэрт ажиллаж байгаад анх ирэхэд амаргүй санагдсан. Гэхдээ цаг хугацаа хурдан өнгөрөх юм.
-Тэгэхээр та байдал ямар болсон бодит нөхцлийг хамгийн сайн мэдэх хүн байх нь?
-Өмнөх үетэй харьцуулашгүй. Хүн хүч, тоног төхөөрөмж, байр сууцны тухайд үнэхээр сайхан болсон. Үе үеийн дарга нар үйлдвэрийг сайжруулахад маш их анхаарсан.
-Эсгүүр хийх хэцүү юу?
-Хариуцлагатай ажил. Буруу эсгэх юм бол оёдол дагаад буруу болно. Тиймээс маш сайн бодож тооцоолж байж даавуугаа эсгэх шаардлагатай. Тэгэхгүй бол үнэтэй даавууг эвдчихнэ шүү дээ. Даавуун дээр гараар зурна гэдэг амаргүй. Ийм эсгүүрчид манайд, “Бөртэ”-д л байна. Энэ бол ур чадвар шүү. Эсгүүрчдэд ухааны ур, нүдний ур, гарын ур гэж байдаг. Түүнээс хэн дуртай нь эсгүүр хийчихдэггүй.
-Та мэргэжлийн хэддүгээр зэрэгтэй вэ?
-Тавдугаар зэрэгтэй. Мэргэжлийн зэрэг тулчихсан.
-Та хичнээн шавьтай вэ?
-Зөндөө бий. Гэхдээ орчин үед оёдлын үйлдвэр, цех олон болсон учир хүмүүс эсгүүрийн технологийг сурч авчихаад гараад явчих юм. Бүгд л хувиараа оёдлын цех ажиллуулж байна. Одоо надтай хамт ажиллаж байгаа хоёр охин миний шавь. Би энэ хоёртоо их найдлага тавьж байгаа.
-Өдөрт хэдэн китель эсгэх үү?
-Хүний бие янз бүр. Хэмжээгээ аваад эсгэхэд 10-г гаргачихна. Цэргийн хувцас нарийн болохоор малгай, китель, өмд, юбкаг 1 мм-ийн хэмжээ алдахгүй л эсгэх учиртай.
-Өөрийнхөө хувцсыг эсгээд оёчих уу?
-Залуудаа л өөртөө дээл, плаж оёдог байлаа. Одоо бол бусдад оёхоос өөртөө оёно гэж байхгүй юм даа.
-40 гаруй жил эсгүүр хийжээ. Хэдэн мянган метр даавуу эсгэсэн гэх тооцоо байдаг уу?
-Ёстой хэлж мэдэхгүй юм. Хэрвээ тооцож үзсэн бол өдийд тоогоо алдчихсан яваа.
-Хилийн 0288 дугаар ангийг зарим хилчид танаар төсөөлдөг?
-Бүгд л Хандаа эгчээ гээд хүрээд ирэхэд сайхан байдаг. Анх сонсогч байхад нь, сургууль төгсөхөд нь, дарга болоход нь, тэтгэвэртээ гарахад нь хувцсыг нь эсгэж өгсөн хилчид олон байдаг. ХХЕГ-ын дарга, ХЦ-ийн штабын даргын хувцсыг гэхэд би саарал шинель өмсдөг байхад нь л эсгэж өгч байсан. Өнөөдөр ийм мундаг дарга нар болох үед нь дахин хувцсыг нь хэмжээ аваад эсгэж байхад үнэхээр сайхан санагдаж байна.
-Таны баримталдаг зарчим?
-Би дарга, цэрэг гэж ялгахгүйг л хичээдэг. Хэмжээ өгөхөөр ирсэн хэнийг ч ялгалгүй сайхан таарсан хувцас хийгээд өгөхийг бодно. Шавь нартаа ч үүнийг байнга захидаг.
-Та хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлсэн үү?
-Эгч нь хүү, охин хоёртой. Хүү ШУТИС-ийг төгссөн. Охин МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Ээжийнхээ мэргэжлийг өвлөөгүй ээ.
-Өдөржин эсгүүрийн том ширээний ард зогсоогоороо ажиллахад хэцүү байх?
-Би сурчихсан болоод тэр үү ядрах нь гайгүй. Анх эсгүүрчнээр ажиллаж байхад оройд хөл хавдчихаад гутал ордоггүй байсан. Эгч нь тэтгэвэртээ суухаар дарга нартаа саналаа өгчихсөн байгаа. Эсгүүр хийхэд нүд муу, гар хөл салгалдаг болчихвол хэцүү. Тиймээс гайгүй дээрээ энэ ажлаа орхих бодолтой байна. Хэд хэдэн даргын үед тэтгэвэртээ гарахаар хүсэлт өгсөн. Хойшлуулсаар байгаад өдийг хүрчихлээ. /инээв/
-Хүнд хувцас урлана гэдэг буян гэж ярьдаг?
-Тэгэлгүй яахав. Эх орныхоо торгон хилийг манаж зогсоо тэнгэрлэг хилчдийнхээ хувцсыг урлана гэдэг сайхан. Ийм гэгээн зам мөртэй ажил хийдэг болохоор эгчийнх нь ажил үйлс бүтэмжтэй явдаг гэж боддог. Эх орон хамгийн шилдэг хөвгүүдээрээ хилээ мануулдаг. Тийм хийморьтой хилчдийн хувцсыг урлаж байгаа би яаж муу байх билээ. Хүн сэтгэлдээ хиргүй тунгалаг явахад ажил, амьдрал нь дагаад дэвжин дээшилдэг жамтай. Би энэ олон жил ажиллахдаа хэн нэгэнтэй ам мурийж, хар буруу санаж явсангүй. Тийм ч учраас хүн бүр Хандаа эгчээ гээд надад сайн байдаг болов уу.
-Таныг өөр оёдлын үйлдвэрүүд ирж ажиллаач гэж санал тавьж байв уу?
-Тавилгүй яахав. “Бөртэ” хүртэл буцаад ирээч гэж гуйсан. Гэхдээ тэнд ажиллаж байгаа эсгүүрчид миний найзууд. Тийм байхад нэг хүнийг ажилгүй болгоод би очвол сэтгэлд сэвтэй. Тэгээд ч эгч нь сэтгэл зүрхээрээ хилчин болсон.
Эх сурвалж:ХХЕГ
Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
