Хэн юу хэлэв...
Б.Энхбаатар: 2024 онд улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулна
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Төлбөр авах үйл ажиллгааны хэлтсийн дарга Б.Энхбаатартай ярилцлаа.
-Улсын хэмжээнд төлбөр авах цэг /ТАЦ/ -үүдийг үе шаттай цахимжуулах ажил явагдаж байгаа. Хот тойрсон ТАЦ-үүд галын хайчнаас бүрэн салсан уу?
-Зам, тээврийн хөгжлийн сайдаас өгсөн үүрэг, чиглэл, салбар яамны хэрэгжүүлж буй бодлогын дагуу эхний ээлжинд Улаанбаатар хотыг тойрсон товчоодыг бүрэн цахимжуулж дууссан. Ингэснээр иргэд орон нутгийн замд товчоод дээр саатахгүй зорчих боломжтой болж, хүнд суртал чирэгдэл бүрэн арилсан.
Товчоод бэлнээр төлбөр хурааж байх үед нэг тээврийн хэрэгсэл 17.4 секунт зарцуулдаг байсан бол одоо 1-2 секунтэд саадгүй нэвтэрч байна.
Үүнийг эрчимжүүлж 2024 онд улсын хэмжээнд байгаа нийт 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулж дуусна.
Одоогоор хот тойрсон зургаан төлбөр авах цэг бүрэн цахимжсан. Үлдсэн 26 төлбөр авах цэгийг 2024 онд бүрэн цахимжуулахаар ажиллаж байна.
Ердийн үед Улаанбаатараас орон нутгийн орох гарах хөдөлгөөнд 18-20 мянган тээврийн хэрэгсэл өдөр тутамд оролцдог бол баяр ёслолын үеэр энэ тоо 5 дахин нэмэгдэж, 100 мянгад хүрдэг байсан.
Тэгвэл өнөөдөр төлбөр авах цэгүүд цахимжиж жолооч нар удаан хугацаанд сааталгүй нэвтэрдэг болсон. Энэ нь хэт ачаалалтай, иргэдийн бухимдлыг төрүүлдэг байсан асуудлыг бүрэн шийдсэн.
-Авто зам ашигласны төлбөрт хураадаг 1000 төгрөгийн хураамж нь зам арчлалтын нийт төсөвд хүрдэг үү?
-Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь олон улс, улсын чанартай авто замын өдөр тутмын бэлэн байдал, завсар арчлалтыг хариуцан ажилладаг. Зам ашигласны төлбөрт хураадаг 1000 төгрөг нь авто замын их, урсгал, ээлжит засварт бүрэн хүрэлцдэггүй.
Шинээр зам барих, баригдсан замын арчилгаа нь тусдаа асуудал. Улсын хэмжээнд хуримтлуулсан товчоодын төлбөрөөр 10 км зам ч барьж хүрэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн энэхүү мөнгө нь замын засвар арчилгааныхаа дөнгөж 20 хувьд л хүрдэг. Үлдсэн 80 хувь нь улсын төсвөөс санхүүжүүлдэг.
-Улаанбаатар хотыг тойрсон тухайн ТАЦ байршиж байгаа дүүрэг хороонд амьдардаг бол орох гарах бүрд төлбөр төлөх үү?
-Зам, тээврийн хөгжлийн сайдын 226-р тушаалын дагуу цагаан жагсаалтад бүртгэх хөтлөх түр журам 2023 онд шинэчлэгдсэн. Энэ нь нийслэл хотыг тойрсон, тухайн төлбөр авах цэг байршиж байгаа дүүрэг, баг, хороонд амьдарч буй хүмүүс цагаан жагсаалтад хамрагдаад үнэгүй зорчих эрхтэй болж байгаа.
Үүнд хамрагдахын тулд E-Mongolia цахим системээр нэвтэрч цагаан жагсаалтад бүртгүүлж, зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой.
-Өдөрт нэг удаа 1000 төгрөг хураан авдаг байсан бол одоо орох гарах болгонд аваад байна. Яагаад?
-Тухайн өдөр нэг л хураамж авна гэсэн дүрэм, журам анхнаасаа байгаагүй. Зам ашигласны төлбөрийг өдрөөр биш ашигласан замаар тооцож авч байгаа. Хот хоорондын замыг иргэд ашигласан л бол явах бүртээ төлбөр төлнө.
Олон улсын жишгээр 100км тутамд авто зам ашигласны хураамжийг тодорхой тарифаар хураадаг. Харин манай улсад 350 км тутамд нэг хураадаг. Мөн төлбөрийн хэмжээ 50 дахин бага байдаг.
-Зам ашигласны төлбөрөө иргэд цахимаар хэрхэн төлөх вэ?
-Цахим төлбөрийг иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс ezam.mn, emongolia, social pay, e-barimt, monpay gerege,toki, autobox болон банкны бусад аппликейшнээр төлөх боломжтой болгосон.
-Цахим төлбөр төлөхөд НӨАТ өгдөг үү?
-Татварын тухай хуулийн дагуу төрөөс үзүүлж байгаа ажил үйлчилгээнд НӨАТ төлдөггүй. Тиймээс төлбөр төлсөн баримт олгох ч НӨАТ-ын баримт очихгүй.
-Улсын хэмжээнд байгаа бүх ТАЦ-үүд цахимжуулснаар авто замын салбарт ямар өөрчлөлт гарах вэ?
-ТАЦ-аар нэвтэрч буй тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж, иргэд зорчигчид саад чирэгдэлгүй үйлчлэх нөхцөл бүрдэнэ. Мөн авто замын санг бүрдүүлж буй авто замын байгууламж ашигласны төлбөрийн орлого 30.8 хувиар өснө. ТАЦ-үүд цахим болох дунд хугацаанд 30 орчим хувийн ажлын байрыг хэмнэнэ. Манай улсын дотоодын болон олон улсын тээвэр ложистикийн хөгжилд дэмжлэг болж, авто замын дэд бүтэц, хөдөлгөөн, тээврийн хэрэгсэл, байр зүйн мэдээлэл агуулсан мэдээллийн нэгдсэн сан бий болж бусад системүүдийн хөгжилд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Эх сурвалж: ЗТХЯ
Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
