Үйл явдал
Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан 2020 Оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд өргөн барилаа.
- Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлсэн бүс нутаг, хот суурин газрыг төлөвлөх, байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Уг хуулийн төсөл 10 бүлэг, 60 зүйлтэй. Үүнд, хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, хот байгуулалтын бүсчлэл, түүнд тавигдах шаардлагыг одоо байгаа зохицуулалтаас илүү нарийвчилсан, хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч иргэн хуулийн этгээд, төрийн бусад байгууллагуудын чиг үүргийг тусгахаас гадна хот, суурины хүрээлэн буй орчин түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах, тэдгээрийн зохистой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн зохицуулалт орсон байна. Мөн хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлагыг томьёолон тусгаж, хот байгуулалтын талаарх, төрийн байгууллагуудын эрх хэмжээ, үүрэг хариуцлагыг нарийвчлан тодорхойлжээ.
Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Засгийн газрын гишүүд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Нийслэлийн ЗДТГ зэрэг холбогдох бүх газруудад хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлж, санал авчээ.
Монгол Улсын Их Хурлаас Хот байгуулалтын тухай хуулийг анх 1988 онд баталсан юм. Хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, баталснаас хойш 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
- 2. Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 252 дугаар зарлигаар аймгийн төвийн хотуудын / Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баян-Өлгий аймгийн Өлгий/ хилийн цэсийг баталсан билээ. Улсын Их Хурлын 1994 оны 33-р тогтоолоор аймгийн төвийн хотуудыг батлагдсан хилийн цэсээр нь сум болгон өөрчилсөн байна.
Төв суурин газар дахь хүн амын өсөлт, газар ашиглалтын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс шалтгаалан аймгийн төвийн сумдын газар нутаг хүрэлцэхгүй болсноор хөрш зэргэлдээ сумын нутаг дэвсгэрийг дамнасан газар олголт хийгдэж газрын зөрчил маргаан ихээр үүсэх болсон байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хувьд нутаг дэвсгэрийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зэргэлдээх Тарагт сумын нутагт газар олголт хийжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт зэргэлдээх Бугат сумын төв байрладаг бөгөөд түүнийг дагасан газар ашиглалт бий болж, нэг сумын нутаг дэвсгэрт хоёр сумын газар олголт хийгдэх хүндрэлтэй асуудал байгааг зохиоцуулахаар хуулийн төсөлд тусгажээ.
- Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсгэн байгуулагдаж Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байрладаг бөгөөд одоогоор 187 улс орон уг байгууллагад гишүүнээр элссэн байна. Тус байгууллагын Ерөнхий бага хурал 1988 оны 6-р сарын 1-нд “Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай’’ 167 дугаар конвенцыг баталсан билээ.
Конвенцыг соёрхон баталснаар Монгол Улсын барилгын салбарт ажиллаж буй 107 мянган инженер техникийн ажилтан, ажиллагсад энэ конвенцын үр шимийг хүртэж, хөдөлмөрлөх эрх бүрэн хангагдаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлмөрийн стандартыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


