Дэлхий нийтээр..
Авлига, хулгайтай нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжинэ гэв
Нийслэл Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх, эмнэлэг, сургууль цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг 20 минут дотор авах шинэ стандарт тогтоохоо Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх хайрханаараа овоглодог, нийслэлийн хамгийн том дүүрэг Баянзүрхийн иргэд, сонгогдчидтой уулзахдаа хэллээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийг удирдаж байсны хувьд та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй чиглэнэ гэлээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өрнүүлсэн шударга ёсны тэмцлийн үр дүнд эдийн засаг -4.6 хувиас 7 хувь болж, валютын нөөц 5 тэрбум долларт хүрч, Хөгжлийн банкны өрүүдийг бүрэн төлж, цалинг 3, тэтгэврийг 2 дахин, хөдөөгийн нэмэгдлийг 40 хувиар нэмэгдүүлсэн. Төсөв анх удаа 4 их наяд төгрөгөөр давж биелж, 1072 хувьцааг амилуулж ногдол ашгаа тараасан гээд иргэдэд, улс орны хөгжилд хэрэгтэй олон чухал шийдвэр гаргасан.
Уулзалтын үеэр авлига, хулгайтай нам харгалзахгүй тэмцэж байгаа Ерөнхий сайдын багийг эхлүүлсэн ажлыг нь дуусгуулахын тулд багаар нь дэмжихээ баянзүрхчүүд хэлж байв.
Монгол Ардын Намын жагсаалтыг Хот төлөвлөгч, мэргэшсэн архитектур, хот байгуулалтын доктор, Ази, Латин Америкийн 10 гаруй улсын хот төлөвлөлтийн төсөлд зөвлөхөөр ажилласан шилдэг залуу мэргэжилтэн Ганзоригийн ЛУВСАНЖАМЦ тэргүүлж байна.
Засгийн газар өнгөрсөн хугацаанд боомтын боомийг тайлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 36 их наядаас 70 их наядад хүргэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3,000 ам доллараас 5,875 ам долларт хүргэж чадсан шиг, ИРЭХ 4 ЖИЛ эрчим хүчний салбарын боомийг тайлах цогц реформыг хийхээр төлөвлөсөн.
Эрчим хүчний реформд мэргэжлийн, нийгмийн мөн улс төрийн манлайллыг үзүүлж чадна гэдэгт итгэж, жагсаалтынхаа хоёрдугаарт Австралийн Middleton группийн эрчим хүчний ахлах инженер, тархмал эх үүсвэр, ногоон эрчим хүчний чиглэлээр докторын зэрэг хамгаалсан шилдэг эрдэмтэн, судлаачдын нэг Мөнхчулууны ЭНХЦЭЦЭГ-ийг нэр дэвшүүлээд байгаа юм.
Хилийн чинадад сурч боловсорч, амьдарч буй иргэдийн эзэмшсэн боловсрол, хуримтлуулсан туршлага Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй. Тэдний төлөөлөл Харвардын нийгмийн эрүүл мэндийн ухааны их сургуулийн багш, дэд профессор Даваасамбуугийн ГАНМАА-г Монголын парламентад хүчтэй дуу хоолой болж чадна гэдэгт итгэж нэр дэвшүүлжээ.
Багшийн талаар барьж буй бодлогыг шинэ түвшинд гаргахгүйгээр бид улсын ирээдүйг гэрэлтэй цогцлоох боломжгүй. Тийм ч учраас хууль тогтоох төрийн дээд байгууллагад байх нь зүйтэй хэмээн үзэж Жанчивын ГАЛБАДРАХ-ыг нэр дэвшүүлсэн байна.
Иргэн бүр нийгмийн хөгжилд тэгш оролцох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хандлагын харах цонхыг илүү тунгалаг болгох, ээлтэй эрхзүйн орчин, стандартыг бүрдүүлэхийн төлөө нийгмийн зүтгэлтэн, эрүүл мэнд судлаач Отгоны САРАНЧУЛУУН Монголын парламентын түүхэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны төлөөлөл болох болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байв.
Нийслэл Улаанбаатар хотод 2020-2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ. Үүнээс нийгмийн хөгжлийн бүтээн байгуулалтад 1.5 их наяд, эдийн засгийн хөгжилд 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Жил ирэх тусам хаяа тэлэн хөгжиж байгаа нийслэл хотын хамгийн том дүүрэг Баянзүрхт Монгол Ардын намаас УИХ-ын 8-р тойрогт нэр дэвшиж буй таван нэр дэвшигчийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.

Тэрбээр,
Өнгөрсөн дөрвөн жилд парламентаас ковид цар тахлын эсрэг үйл ажиллагааг дэмжиж зөвлөж, хөнгөлөлтэй эмийн хүндрэлийг засаж, Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын хөдөлмөр шударга үнэлэгдэх нөхцөлийг бүрдүүлж, эмийн сонсголыг зохион байгуулж ажилласан Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН-г нэр дэвшүүлж байна.
“20 минутын хот”, дагуул хотын төслүүд, Метро байгуулах зэрэг олон ажил хийгдэж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх РЕФОРМЫГ хэрэгжүүлэхэд манлайлж ажиллана гэж үзсэн тул нийслэлийн асуудлыг сайн мэддэг, ажил хэрэгч улстөрч Энхтайваны БАТ-АМГАЛАН-г нэр дэвшүүлсэн.
Энэ удаагийн сонгууль байгалийн баялгийг иргэн бүрд өсөлтийг өрх бүхэнд шууд хүргэх сонголт байх болно. Бид Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг “Сингапур улсын загвараар хэрэгжүүлнэ. Эхлүүлсэн ажлаа дуусгах, энэ ажлыг манайлан хийх хүн бол Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА юм.
Өнгөрсөн гурван жилд манай Засгийн газрын авлигатай хийсэн тэмцэл, цар тахалтай тэмцэхээс ч хүнд байсан. Гэхдээ иргэдийн мэдэх эрх хангагдаж, авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүй тогтож, түмэн олны ойлголт хэрсүүжиж, ард түмний ёс зүйн өндөрлөгт шударга ёсны туг мандсан. Авлигын эсрэг тэмцэлд хуулийн илд, шударга ёсны тугч Баттөмөрийн ЭНХБАЯР байсан.
Нийслэлийн хамгийн том Баянзүрх дүүрэг нэг хэсэг засаглалын хямралд орж, хөгжил нь зогссон байсан. Үүнийг Нацагийн БАЯРМӨНХ засаж, 2016-2024 онд Засаг даргаар ажиллахдаа дүүрэгт туслгамдсан асуудлыг хот, дүүрэг, хороо, гудамж талбайгаар нь шийдсэн. Н.Баярмөнх шиг анхан шатаа ойлгодог, ажлаа мэддэг залуус баг болж ажилласнаар улсын хөгжил урагшилж “ШИНЭ СЭРГЭЛТ”-ийн бодлого, “20 минутын хот” концепц хөрсөн дээрээ бүрэн хэрэгжинэ гэв.

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн хугацаанд хийсэн зарим ажлыг дурдвал:
-Дүүргийн хэмжээнд 75 байршилд нийт 66 км авто зам,
9 байршилд 36.9 км дугуйн зам ашиглалтад оруулсан.
-Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг орчимд камержуулалт, гэрэлтүүлэг хийж, дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг 95 хувьд хүрсэн.
-Нийтийн эзэмшлийн 19.2 га талбай чөлөөлж 55 байршилд авто зогсоол тохижилтын ажлыг хийсэн.


Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Үйл явдал2020/04/15
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
-
Дэлхий нийтээр..2022/06/30
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хөрөнгө гаргана
-
Үйл явдал2023/04/18
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Дэлхий нийтээр..2022/06/29
Улаанбаатарыг олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай хот болгохоор зорьж...
