Дэлхий нийтээр..
Авлигатай нам харгалзахгүй тэмцэж, эхлүүлсэн ажлаа дуусгахад Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг Хөвсгөлчүүдэд уриаллаа
Хөвсгөл аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 586 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн талаар Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоймор нутгийн зон олонтой өнөөдөр /2024-06-13/ уулзах үеэрээ онцлов.
УИХ-ын хаврын чуулганаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчилж баталсан. Хойд бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухаан технологи, аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалан байх болно. Энэ бүгдийг цогцоор нь хэрэгжүүлэхэд УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй дараах хүмүүсийг багаар нь дэмжихийг уриалж, салбар бүрийн дуу хоолой парламентад төдийгүй улс орны хөгжилд чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд мөн онцлон тэмдэглэв.

Тэрбээр,
Хийсэн ажил, хэрэгжүүлсэн туршлагаараа манлайлж, хойд бүсийг төлөөлөх туршлагатай парламентч гэж үзэн Лхагвын МӨНХБААТАР-ыг нэр дэвшүүллээ.
Хойд бүсийг шинжлэх ухаан, инновацын бүс болгон хөгжүүлэхэд, Үндэсний баялгийн санг амилуулах төрийн өмчит үйлдвэрийн газруудын менежментийг олон улсын түвшинд гаргахад Доржсүрэнгийн ҮҮРИЙНТУЯА-гийн туршлага, санаачилга парламентад хэрэгтэй гэж үзсэн.
Цэрэнпилийн ДАВААСҮРЭН Эрчим хүчний сайдаар ажиллахдаа Эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 200 гаруй мвт-аар нэмэгдүүлж, Дорнодын ДЦС-ын 50 мвт-ын өргөтгөл, Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ын УЦС, Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төслүүдийг эхлүүлсэн нь өнөөдөр эхнээсээ ашиглалтад орсон. Иймээс парламентын туршлагатай гишүүдийн нэг гэж үзэн нэр дэвшүүлж байна.
Боловсролын багц хууль батлагдаж, энэ салбарын цогц шинэчлэлийг эхлүүлсэн. Англи хэлийг хоёрдогч гадаад хэл болгох эрх зүйн суурийг тавьсан. ЮНЕСКО-гийн Боловсролын салбарт цахим шилжилтийн амжилттай хийсэн 6 орны нэгээр Монгол Улс шалгарсан. Боловсролын салбарын цогц реформыг амжилттай үргэлжүүлэх гэж туршлагатай, мэдлэгтэй, асуудлаа олж хардаг улстөрч Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН-г нэр дэвшүүлсэн.
Хөдөө аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргах, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэл, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэхэд малчид, тариаланчдын дуу хоолой болсон Жадамбын БАТ-ЭРДЭНЭ-ийн манлайлал парламентэд хэрэгтэй.
Манай улс GO MONGOLIA брэндээр эх орноо сурталчлах ажил хийж байгаа. 2023 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 0.6 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1.3 тэрбум ам.долларын орлого эдийн засагт төвлөрүүлсэн. Хөвсгөл аймаг, Хойд бүс нутаг бол аялал жуулчлалын бүс нутаг. GO MONGOLIA брэндийг бүтээхэд Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ-ийн санаачилга, манлайлал үргэлжлэх учиртай.
Ирэх 4 жил Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй чиглэж, хөдөө, орон нутгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх цогц төлөвлөгөө хэрэгжүүлэхэд “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, орон нутагт шилжин ирж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжин ажилласан туршлагатай Батсүхийн БАЯРМАГНАЙ-г нэр дэвшүүллээ.
Хойд бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргахад парламентад эрүүл мэнд, шинжлэх ухаан, инновац, бичил бизнесийг дэмжих талаар санаачилга гарган ажиллаж байгаа, нутаг орноо сайн мэддэг Дамбын БАТЛУТ манлайлал үзүүлнэ гэдэг итгэлтэй байна гэлээ.

Ард түмний дуу хоолой парламентад байх ёстой гэж Монгол Ардын нам үзэж, улстөрчид тойрогт, мэргэжлийн экспертүүдийг намын жагсаалтад оруулсан. Намын дарга тойрогт нэр дэвшсэн нь шинэ хүмүүст боломж олгосон явдал байв.
Хөдөлмөрийн үнэлэмж шударга байгаасай гэж, үйлдвэрчний эвлэл илүү хүчтэй дуу хоолой байгаасай гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, Хөвсгөл нутгийн хүү Сүхбаатарын ЭРДЭНЭБАТ-ыг намынхаа жагсаалтад урьснаа Ерөнхий сайд хоймор нутгийн зон олонд хэлж байв.
Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж чадсан.
Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт туссан эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, хүн амыг өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж үзэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Магванцэрэнгийн МӨНХЧУЛУУН-ыг жагсаалтаар нэр дэвшүүлсэн байна.


Хөвсгөл аймагт өнгөрсөн хугацаанд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.
-Хөвсгөл нууранд живсэн "Сүхбаатар" хөлөг онгоц, найман тээврийн хэрэгсэл -татан гаргаж, 34.7 тн бохирдлыг аюулгүй болгосон.
-Мөрөн сумын Дулааны станцын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн.
-Хөвсгөл аймгийн 100 ортой хүүхдийн эмнэлэг, олон жил гацсан Улаан-Уул сумын сургууль болон Эрдмийн далай цогцолбор, “Гурван-Эрдэнэ” сургуулийн өргөтгөл, Хатгал тосгоны цэцэрлэг, Галт сумын дотуур байрын барилга угсралтын ажил эхэлсэн.
-Аймгийн ахмад настны асрамж, үйлчилгээний төвийн барилга, Хөгжимт драмын театр, Политехник коллежийн цогцолбор,
-Алаг-Эрдэнэ сумын сургууль, 8-р цэцэрлэг, Хатгал тосгоны хүн эмнэлгийн өргөтгөлийн барилгын тендер сонгон шалгаруулалт зарлагдсан.
-Аялал жуулчлалын босоо тэнхлэгийн Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуур чиглэлийн хатуу хучилттай авто зам, Хатгал-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замаас Ханх сум хүртэлх хатуу хучилттай авто замын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулж байна.
Эхлүүлсэн ажлаа дуусгаж, авлигатай нам харгалзахгүй тэмцэхэд Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг Хөвсгөлчүүдээс хүслээ. Мөн энэ сонгууль бол “Авлигачид ялах уу? Ардын нам ялах уу? гэдэг СОНГОЛТ байх болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.




Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Дэлхий нийтээр..2026/03/18
Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслий...
-
Хэн юу хэлэв...2020/06/03
Т.Баярхүү: ТЕГ 948 хүнд холбогдох 700 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа яв...
-
Үйл явдал2024/06/24
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
-
Дэлхий нийтээр..2021/10/12
Сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа
