Дэлхий нийтээр..
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэд бүтцийн салбарын инженерүүдтэй уулзлаа
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хот байгуулалт болон дэд бүтцийн инженер, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. “Дэд бүтэц–Шинэ сэргэлт” сэдэвт уулзалтад УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж буй Хот төлөвлөлтийн инженер Г.Лувсанжамц, Эрчим хүчний инженер М.Энхцэцэг болон бусад нэр дэвшигчдийн төлөөлөл оролцов. Мөн дэд бүтцийн салбарын инженер, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Монгол Улс УИХ-ын 76 гишүүнтэйгээр 30 жилийн турш явж ирсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хувийн хэвшил хөгжиж, олон ургальч үзэл төлөвшиж, тодорхой дэвшлүүд гарсан. Гэхдээ 76 төлөөлөл гэдэг зөвхөн тухайн нутаг дэвсгэрээс гарч ирсэн дарга нар болсныг нийгэм шүүмжилж байна. Парламент иргэдээс хол, төрийн үүд хаалга иргэдэд хаалттай байсан. Ялангуяа хилийн чинадад байгаа монголчуудад төрийн сонгууль хамаатай биш байлаа. Улмаар парламентын нэр хүнд судалгаагаар доогуур гарч эхэлсэн. Парламентад мэргэжлийн дуу хоолой бага байсан. Тиймээс мэргэжлийн экспертүүд парламентад байх ёстой гэж үзэн МАН жагсаалтынхаа эхэнд инженерүүдийг багтаасан. Мөн үйлдвэрчний эвлэл, худалдаа аж үйлдвэрийн танхим, хилийн чинадад байгаа монголчууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг ч парламентад нэр дэвшүүлсэн. Энэ нь мэргэжлийн экспертүүдийн дуу хоолойгоор дамжин нийгэмд шинэ хандлага үүсээсэй гэж хүссэнийх. Монгол Ардын Намын дарга тодотгосон. Салбар салбарын дуу хоолойг парламентад оруулдаг жишиг цаашид үргэлжлээсэй гэж хүсэж байна. Энэ сонгуулиар бидний тогтоосон зарчим цааш үргэлжлэх үү гэдгийг шийдэх учраас хариуцлагатай цаг үе ирээд байна” хэмээн үг хэллээ.

“Дэд бүтэц–Шинэ сэргэлт” уулзалтад Монгол Ардын Намын жагсаалтыг тэргүүлж буй Хот төлөвлөгч, Мэргэшсэн архитектур, Хот байгуулалтын доктор, Ази, Латин Америкийн 10 гаруй улсын хот төлөвлөлтийн төсөлд зөвлөхөөр ажилласан туршлагатай Г.Лувсанжамц оролцож, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн “20 минутын хот”-ыг байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Тэрбээр “Миний мэргэшсэн чиглэл хот төлөвлөлттэй холбоотой. Бакалавр, магистр, докторын дипломын ажлын сэдэв маань Монгол Улс, Улаанбаатар хот, гэр хороолол, түгжрэлийн асуудал байсан. Гадаадад ажиллаж байх хугацаандаа ч хот төлөвлөлтийн алдаа гарсан улсуудын шийдлүүдийг судалдаг байлаа. Энэ туршлагадаа тулгуурлан “20 минутын хот”-ыг хэрхэн хэрэгжүүлэхийг тайлбарлая. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах дэд бүтцийн бүтээн байгуулалт нь
-Иргэндээ чиглэсэн 20 минутын хот,
-Үе шаттайгаар хөгжүүлэх Шинэ тойрог зам,
-Өөдөө тэмүүлэх “Go Mongolia” гүүр,
-Хөшигийн хөндийн дагуул хотын төслөөс бүрдэнэ.
“20 минутын хот” гэдэг нь 1.5-5 км радиус дотор нийгмийн дэд бүтцийг багтаасан төлөвлөлтийг хэлдэг. Иргэн төрд очиж үйлчилгээ авдаг биш төр нь иргэндээ хүрч үйлчилдэг философи юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг олон төвт иргэдийн оролцоотой хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн.
Хотууд хөгжихийн хэрээр тойрог замаа хөгжүүлсэн байдаг. Токио хотын төвийн дүүргүүд найман тойрог замтай бол Улаанбаатар хоттой ойролцоо цаг уур, хүн амтай Финляндын нийслэл Хельсинки гурван тойрог замтай. Өнөөдөр Улаанбаатар хот 697.870 машинтай ба жил болгон 10 хувиар машины тоо өсөөд байхад авто замын сүлжээ нь хоёрхон хувиар өсөж байгааг өөрчлөх ёстой. Энэ чигээрээ явах юм бол 2030 онд хотын хүн ам 1.8 сая болж, ачааллын үед замын дундаж хурд 5 км/ц болох эрсдэлтэй. Тиймээс тойрог замыг үе шаттайгаар хөгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр 2030 онд Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлж, гол болон туслах замын ачаалал 20-25 хувиар буурч, жилд 400 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр нөлөөг бий болгоно.
Мөн Улаанбаатар хотоор урсаж байгаа голуудыг гатлах оновчтой байрлалд “Өөдөө тэмүүлэх–“Go Mongolia” гүүрийг байгуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар зургаан эгнээ, хоёр урсгалтай, 900 метр урттай хос цамхагт гүүр төлөвлөөд байна. Хөшигийн хөндийн дагуул хотыг дундаас урт хугацаанд төлөвлөсөн. Хөшигийн хөндийд 150 мянган хүнтэй дагуул хот байгуулахаар төлөвлөж байна” хэмээн сонирхолтой илтгэл танилцуулав.

Уг илтгэлийн дараа Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Миний хүсэж байсан шинэчлэл бол энэ. Улстөрчид хот төлөвлөх гээд хэрэггүй. Харин чаддаг хүмүүст нь орон зайг нь гаргаж өгөх ёстой. Бидний шинэ 30 жилийн анхдагч цэг бол энэ. Инженер Г.Лувсанжамцтай хамт хот байгуулалтын инженерүүд төр засагтаа дуу хоолойгоо хүргэх боломжтой болсон. Мэргэжилтнүүд хот төлөвлөлтөө хийдэг, улстөрчид дэмжих шийдвэрийг гаргадаг байх шинэ 30 жил ийнхүү эхэлж байна” хэмээсэн юм.
Тэрбээр мөн “Ирэх дөрвөн жилд Засгийн газар хот төлөвлөлт, эрчим хүчнийхээ шинэчлэлийг бүрэн хийх болно. Үүнд, МАН-ын жагсаалтын эхэнд бичигдсэн шилдэг инженерүүд манлайлан оролцоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Дараа нь Монгол Ардын Нам жагсаалтын хоёрдугаарт нэр дэвшсэн Австралийн Middleton группийн эрчим хүчний ахлах инженер, тархмал эх үүсвэр, ногоон эрчим хүчний чиглэлээр докторын зэрэг хамгаалсан шилдэг эрдэмтэн М.Энхцэцэг эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар саналаа хэлсэн юм.




Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Дэлхий нийтээр..2020/11/05
Өмнөговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо
-
Дэлхий нийтээр..2020/09/21
Баян-Өлгий аймгийн 548 ээж “Эхийн алдар” одон хүртлээ
-
Үйл явдал2020/02/03
Хоёрдугаар сард 2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашины татварыг төлнө
-
Үйл явдал2024/04/29
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
