Үйл явдал
Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгээр нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, үнэт цаас гаргаж, арилжих тухай, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Нийслэл энэ онд багтаан үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, НИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл арга хэмжээг нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлнэ. Нийслэл үнэт цаас арилжаалж, дараах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх юм.
Үүнд:
- Эрчим хүч хуримтлуурын станцын ажил
- Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажил
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх гадна инженерийн шугам сүлжээний ажил
- Авто зам замын байгууламжийн засвар, шинэчлэлт, зураг төсвийн ажлын санхүүжилтыг нэмэгдүүлэх,
- Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажлыг санхжүүлнэ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил хот, нийтийн аж ахуйн салбарын зардлыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод бондын эх үүсвэрийг төсөвт тодотгон тусгах үүднээс 2024 оны төсөвт өөрчлөлт оруулж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард нийтийн тээврийн салбарт богино эргэлтийн шугамыг нэвтрүүлсэн. Тухайн үед маш их эсэргүүцэлтэй тулсан ч богино эргэлтийн шугамын 70 гаруй хувийг үргэлжлүүлсэн. Нийтийн тээврийн салбар эхний зургаан сарын байдлаар 25 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Хэмнэсэн 25 тэрбумаа хот, нийтийн аж ахуйн салбар руу шилжүүлж байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагаа өнөөдрийн байдлаар 93 хувьтай зарлагдаад явж байна. Энэ жил бид нийслэлийн хөрөнгө оруулалт, батлагдсан төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлж, эрчимжүүлж ажиллаж байна. Энэ бол урд өмнө нь гарч байгаагүй үзүүлэлт гэдгийг хэлье” гэв. Ийнхүү НИТХ дахь намын бүлгүүд болон төлөөлөгчдийн саналыг тусган, төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа.
Мөн хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталсан юм.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


