Дэлхий нийтээр..
“Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг сонгинохайрханчууд шийднэ гэлээ
Энэ удаагийн сонгууль “Ард түмний дуу хоолой парламентад байх уу, эсвэл улстөрчид байх уу” гэдгийг шийдэх хариуцлагатай сонголт байх болно гэдгийг Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтой уулзах үеэрээ хэллээ. Учир нь, 76 гишүүнтэй парламент түүх болон үлдэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн юм. Энэ ч агуулгаар Монгол Ардын нам ээлжит УИХ-ын сонгуульд улстөрчдийг тойрогт өрсөлдүүлж, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгосон явдал байв.
Тухайлбал, хот төлөвлөгч, архитектор, доктор Ганзоригийн Лувсанжамц, Австралийн Middleton group-ийн Эрчим хүчний ахлах инженер, доктор Мөнхчулууны Энхцэцэг, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Отгоны Саранчулуун нарыг жагсаалтад багтаасан нь улс орны хэтийн хөгжилд чухал ач холбогдолтой сонголт гэдгийг сонгинохайрханчуудын төлөөлөл хэлж байв. Түүнчлэн Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ бусад намын дарга шиг жагсаалтын ард нуугдалгүй тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгааг сайшааж байлаа.


Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуй, хүлэмжийн тариалалтыг дэмжих “Агро-сити” төсөл хэрэгжүүлнэ. Мөн арьс шир ноос ноолуур боловсруулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ-ийг хийж байна. Гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий Баянхошуу, Толгойт дэд төв байгуулахаар ажиллаж буй юм. Эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй Н.Алтаншагай, Ч.Номин, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар, П.Сайнзориг нарыг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.


Мөн тэрбээр “Ард түмэн ялах уу, бүлэглэл ялах уу” гэдгийг сонгинохайрханчууд шийдэх сонголтын өмнө байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай төрийн албаны мерит зарчмаар ажиллаж байгаа, дүүргийнхээ, иргэдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлыг сайн мэддэг хүн. Харин Соёлын сайд Ч.Номин бол Засгийн газраас байгуулагдсан авлигыг, далд эдийн засгийг илчлэх бүх ажлын хэсэгт Х.Нямбаатар сайдтай хамт ажилласан. Аялал жуулчлал ба Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг эдийн засгийн бие даасан салбар болох суурийг тавьсан шилдэг продюсерын нэг. Э.Батшугар бол Цахим-Үндэстэн эрх зүйн реформын хүрээнд 109 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, батлуулсан “20 минутын хот” концепц, “УХААЛАГ E-MONGOLIA” системийг хөгжүүлэхэд хэрэгтэй хүн. Цар тахлын тандалтын багийн ахлагчаар ажиллаж, Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлж байгаа хүн бол Н.Хүрэлбаатар. Хуулийн хүрээнд асуудлыг харж, зөв шийдэл гарц гаргалгаа хийх хүн бол П.Сайнзориг юм. 2006 оноос хууль боловсруулах чиглэлээр тасралтгүй ажилласан туршлагатай хуульч, шинэ залуу улстөрч. Монгол Ардын нам салбар бүрийн шилдэг таван төлөөллөө Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлсэн. Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжиж, итгэл хүлээлгээрэй” хэмээн сонгинохайрханчуудаас хүслээ.





Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2025/05/01
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Дэлхий нийтээр..2022/06/22
Электрон тамхины хэрэглээнээс хүүхдийг хамгаалах аян явагдлаа
-
Дэлхий нийтээр..2022/02/24
“Дархан Гумат” органик бордоо хэрэглэгчдэд хүрнэ
-
Дэлхий нийтээр..2023/08/07
Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 6-7 см давсан байдалтай байн...
