Дэлхий нийтээр..
Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн гурван сумын иргэд, сонгогчидтой уулзлаа
УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшиж буй Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Увс аймагт ажиллаж байна. Тэрбээр энэ удаад тус аймгийн Наранбулаг, Өлгий, Завхан сумын иргэд сонгогчидтой уулзан, УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Увс аймгийн гурван ч сумын иргэд сонгогчдоос бүрдсэн тус уулзалтад 400 гаруй иргэн хүрэлцэн ирж оролцсон юм.
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд бүсчилсэн хөгжлийн хүрээнд Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн уурхайг түшиглэн Гангийн үйлдвэр байгуулахаар Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө тусгасныг танилцуулахад Увсынхан талархан хүлээн авч буйгаа илэрхийлж байв. Түүнчлэн баруун бүсэд авто зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр, боомтын шинэчлэл, төмөр замын өргөтгөлийг хийхээр тусгайлан тусгаад байгаа билээ. Тэр дундаа “Таван тойрог” төслийн хүрээнд Ховд-Улаангом чиглэлийн 163 км авто зам, Улаангом-Баруунтуруун чиглэлийн 195 км хатуу хучилттай авто замыг тус бүр барьж ашиглалтад оруулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Ханхөхий, Хархираа, Түргэний уулс, Увс нуураараа алдартай байгалийн үзэсгэлэн бүрдсэн олон ястан амьдран суудаг Увс аймаг чацарганаараа алдартай. Тийм ч учраас ирэх дөрвөн жилд МАН-аас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт Увс аймгийн Улаангом суманд олон улсын стандартад нийцсэн Чацаргана боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгайлан тусгасан явдалд Увсынхан сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Д.Амарбаясгалан даргын санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар маш олон малчин асууж тодруулан мэдээлэл авч байв. Наранбулаг суманд өнөөдрийн байдлаар нийт 16 хоршоо шинээр байгуулагдаж, хоёр хоршооны 16 малчинд 460 сая төгрөгийн зээл олгогдсон байна. Малчин, хоршоологчдын хувьд хотондоо үйлдвэрлэл эрхэлж, түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлэх болсондоо талархалтай байгаагаа илэрхийлсэн. Увс аймгийн хэмжээнд нийт найман хоршооны 29 малчны нэг тэрбум төгрөгийн зээл судалгааны шатанд явж байгаа талаар Д.Амарбаясгалан дарга танилцуулсан. Тэрбээр энэ үеэр “Шинэ хоршоо бол малчдын өөрсдийн хүсэл зорилго, амьдралаас урган гарсан хөдөлгөөн. Тиймээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлнэ” хэмээн тодотголоо. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг цаашид хэрэгжүүлэхийг дэмжин, баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж буй Д.Амарбаясгалан тэргүүтэй “Морьтой аравт”-ыг багаар нь дэмжихээ Увс аймгийнхан илэрхийллээ.







Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2022/08/30
МХЕГ: 11 компанийн 5720.6 тн махыг экспортлоход хяналт тавьж байна
-
Үйл явдал2020/12/04
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2024/09/27
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг ш...
-
Дэлхий нийтээр..2023/11/24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уул...
