Үйл явдал
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц 80 хувьтай үргэлжилж байна
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт Таван шарын гарам хэсэгт ажиллалаа.

Тухайлбал, Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд дээрх дөрвөн байршилд баригдах нүхэн гарцаас хамгийн том нь юм. Мөн нүхэн гарцад борооны болон үерийн усыг зайлуулах хоёр төрлийн насос суурилуулна.

Уг нүхэн гарцын ажлын явцын талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн менежер Б.Мөнхбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр "Анхны төлөвлөлтөөр 90 метр нүхэн гарц хийгдэхээр байсан. Манай стандартад нийцүүлэн 191 метр болон өөрчлөгдсөн. Мөн хойд талдаа 900 метр шугам, урд талдаа буюу 10 буудлын гармаас “Энхжин” худалдааны төв хүртэл 1,3км зам хамрагдаж байна. Нүхэн гарцын өндөр 5,5 метр, өргөн нь 7-8 метр буюу Улаанбаатар хотод хийгдэж буй хамгийн том нүхэн гарц юм. Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа. Түр барилга байгууламжийн ажил 2023 оны наймдугаар сард эхэлж, одоогоор төмөр замтай огтлолцох хэсгийн үндсэн барилгын ажил дуусах шатандаа явж байна. Энэ удаагийн нүхэн гарцыг барихдаа төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр угсралтын ажлыг үргэлжлүүлдэг технологи ашиглаж байна” гэв.

Нүхэн байгууламж ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй Яармагийн түгжрэл 8-16 хувиар буурах ач холбогдолтой гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү онцоллоо.

Ташрамд, Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцыг ашиглалтад оруулахаар замын дүүргэлт, тохируулга хийнэ. Энэ хүрээнд долоодугаар сарын 17-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрийн хооронд Таван шарын төмөр замын гарцаас Толгойтын эргэлт хүртэл буюу Номин сүлжээ дэлгүүрийн урд талын замыг нэг, нэг эгнээгээр нь хэсэгчлэн хаана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2022/12/12
Гурилын үнэ нэмсэн компаниудад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
-
Хэн юу хэлэв...2026/06/23
ОМИС-ийн УАУ-ы тэнхмийн ахлах багш, АУ-ы магистр Д.Отгонбаатар: Сайхан цаг ирж б...
-
Дэлхий нийтээр..2020/04/13
Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хойшлууллаа
-
Дэлхий нийтээр..2026/09/21
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
