Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллалаа
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж, Есөнбулаг сумын иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр тэрбээр “2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад 126 гишүүн сонгогдож, нийгмийн олон салбарын төлөөлөл шийдвэр гаргах түвшинд ажиллаж эхэллээ. Үүний үр дүнд төлөөллийн чадвар сайжирч, ардчилсан тогтолцоо бэхжиж, улс төрийн намууд төлөвших боломж бүрдэх болно” гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн “Бүсчилсэн хөгжлийн шинэчлэлийг үргэлжлүүлж, аймаг орон нутгууд өөрсдийн онцлогтоо тулгуурлан хөгжих бодлогыг хэрэгжүүлнэ. Баруун бүс буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймаг дэд бүтэц, авто зам, эрчим хүчний салбараа хөгжүүлж, хилийн боомтуудад түшиглэн эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, өсөж төрсөн нутгийнхаа ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломжийг Бүсчилсэн хөгжлийн бодлогын шинэчлэлийн хүрээнд бий болгоно” гэдгийг онцолж байлаа.
Говь-Алтай аймгийн хувьд Алтай хот - Бургастай боомт чиглэлд авто зам барьж, сэргээгдэх эрчим хүчний нөөцдөө тулгуурлан нарны цахилгаан станц барих аж. Мөн анагаах ухааны сургуульдаа тулгуурлан баруун бүсдээ эрүүл мэндийн шинжлэх ухааныг хөгжүүлэх боломжтой юм байна. Есөнбулаг сумын иргэдийн зүгээс Бүсчилсэн хөгжлийн бодлогын шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.
Ташрамд дурдахад, энэ жил Говь-Алтай аймгийн 16 сум түүхт ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртээснийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гардуулав.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, аймгийн ууган эмч нарын нэг, Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч Буньяагийн Мижид Хүний гавьяат эмч, Тайшир сумын харьяат, Зост-Өндөр ХХК-ийн захирал, багш Жанчивын Гэрэл Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Цээл сумын харьяат, ахмад багш Дугарын Нэмэхбаяр, Бигэр сумын харьяат, ахмад багш Мягмарын Лхамдулам нар Гавьяат багш цолоор тус тус шагнуулав. Мөн улс орон, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Хэн юу хэлэв...2026/01/16
Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ
-
Үйл явдал2023/09/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ
-
Дэлхий нийтээр..2024/04/24
“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” Нью-Йорк хотноо зохион бай...
-
Дэлхий нийтээр..2021/05/17
Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгоно
