Үйл явдал
Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шариф болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Хүн амын сантай Эрүүл мэндийн сайдын хувьд дахин хамтран ажиллах болсондоо талархалтай байгаагаа илэрхийлэн цаашдын хамтын ажиллагаа болон эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөн санал солилцлоо.
Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор цаашид хүүхэд, залуучууд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, түүнчлэн хүүхдийг эхийн хэвлийд байхаас эхлээд хянах, жирэмсэн эхэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл энх төрүүлэхэд шаардлагатай тусламж үйлчилгээг чанартай, төвөг чирэгдэлгүй үзүүлэх, сургуулийн эрүүл мэндийн тогтолцоог бий болгох, сургуульд суурилсан тандалтыг сайжруулах зэрэгт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.
НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шариф Эрүүл мэндийн сайдын нэр хүндтэй албан тушаалд дахин томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Мөн тэрбээр НҮБ-ын Хүн амын сангийн хувьд Эрүүл мэндийн яам хамгийн ойрын түншүүдийн нэг байдгийг илэрхийлэн Монгол Улсын Засгийн газрын НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй Улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа болох нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023-ын үр дүн, эх хүүхдийн эрүүл мэнд, жирэмсний хяналттай холбоотой зарим үр дүнгийн талаар мэдээлэл өгч, цаашид Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх ажлуудыг дэмжих төдийгүй сургуулийн эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, залуучуудын эрсдэлт зан үйлийн талаар судалгаа хийж, харилцаа холбооны стратеги боловсруулах зэрэг чиглэлүүдээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2023/05/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макронд бараалхлаа
-
Үйл явдал2025/01/07
Монголбанк 2024 онд 16.5 тонн үнэт металл худалдан авчээ
-
Үйл явдал2022/08/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2023/03/31
"Тамирчин багш 2023" арга хэмжээ зохион байгуулагдаж байна
