Үйл явдал
ХУД-ийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль барина
ХУД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай "Номинреолтор" ХХК-ийн эзэмшлийн 69.944 м.кв газраас 7000 м.кв газрыг нийслэл авч, 640 хүүхдийн сургууль барихаар тус компанийн удирдлагуудтай уулзаж, зөвшилцлөө.

Тодруулбал, тус 69.944 м.кв газрыг "Номинреолтор" ХХК 2020 оноос 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа юм. ХУД-ийн 18 дугаар хороонд сургуулийн насны 3000 гаруй хүүхэд байдаг бөгөөд тус компанийн эзэмшиж буй газрын 7000 м.кв газарт 640 хүүхдийн суудалтай улсын сургууль барих зураг төслийг 2022 онд гаргаж, санхүүжилтийг шийдвэрлэсэн. Гэвч газрын асуудлаар "Номинреолтор" ХХК-тай зөвшилцөлд хүрээгүйн улмаас сургуулийн барилгын ажил эхлээгүй хоёр жил гаран болсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тухайн байршилд ажиллаж байх үеэр “Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо нь Улаанбаатар хотын хамгийн нягтаршил ихтэй, улсын сургууль болон цэцэрлэг хүртээмжгүй хороодын нэг. Өмнө нь “Номин Холдинг” группийн ерөнхийлөгч Ш.Баярсайхантай уг асуудлаар гурван удаа уулзаж байсан. Уг асуудлыг эрчимжүүлэхээр өнөөдөр дахин уулзаж байна. Хуулийн дагуу 640 хүүхдийн суудалтай сургууль барих газрыг дүйцүүлэн "Номинреолтор" ХХК-д нисэх орчимд газар эзэмшүүлнэ. Эхний ээлжид тус компани газар дүйцүүлэн хүсэлтээ өгнө. Улмаар тус компанид газрыг дүйцүүлэн эзэмшүүлсний дараа сургууль барих газрыг нийслэл авна” гэлээ.

"Номинреолтор" ХХК-ийн Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян хэлэхдээ “Энэ газарт анх хувийн сургуулийн төлөвлөлт орсон байсан. Х.Нямбаатар даргын тавьж буй саналыг бид нааштайгаар хүлээн авч байгаа бөгөөд яаралтай зөвшилцөж, ирэх долоо дүйцүүлэн эзэмших газрын хүсэлтээ өгье” гэв.


Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2026/01/30
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 111.587 бүртгэгджээ
-
Дэлхий нийтээр..2025/01/06
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулган шинээр ба...
-
Тод зураг2020/03/04
БНСУ дахь ЭСЯ-ны мэдээлэл
-
Дэлхий нийтээр..2020/12/11
Монгол, Оросын хэвлэл мэдээллийн байгууллагын медиа чуулган болно
