Үйл явдал
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 50 хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 50 хувьтай үргэлжилж байна. Нэг талдаа 750 метр, нийтдээ 1.5 км үерийн далан барих юм. НЗД-ын нэгдүгэр орлогч Н.Мандуул болон холбогдох албаныхан 2024 оны наймдугаар сарын 10-ны өдөр тухайн байршилд ажиллалаа.

Голын түшиц хана “Т” хэлбэртэй байх бөгөөд хөрс болон усны ачааллыг хамгийн сайн авдаг. Гулсалтгүйгээр хийх учраас ажлын талбай том. Иймээс тухайн орчмын байрнуудын шугам сүлжээ хөндөгдөж байгаа нь ажил удаашрах нэг шалтгаан болж байна. Ажлын трасст өртөөд байгаа шугам сүлжээг шилжүүлэхээр ажлын зураг төсөл хийж байгааг гэж “Билгүүн Монгол” ХХК-ийн "Сэлбэ Сэргэлт" төслийн удирдагч Р.Дамба хэллээ.
Мөн тэрбээр Натурын гүүрний хойд хэсэгт 130 метр түшиц хана хийнэ. Цутгалтын ажлыг ирэх долоо хоногоос хийж эхлэхээр төлөвлөсөн. Үерийн далангийн хөндлөн огтлол нь хамгийн багадаа 18 метрээс 40 метрийн өргөн байна. Иймээс үерийн далангийн зүүн хэсгийн ажлаа явуулахын тулд шороо болон элсээр шуудайлан далан барьж, голын урсцыг түр хаасан гэлээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Сэлбэ голын үерийн далангийн баруун талаар буюу 100 айлаас эхлээд багшийн дээдийн бүх хөрсний усыг дернажийн системээр цуглуулан Баянмонгол хорооллын хажуугаар гаргаж, Туул голруу нийлүүлдэг. Энэ шугам нь энд байгаа трасстай давхцаад байгаа учраас хаашаа шилжүүлэх талаар зөвшилцөж байна” гэв.
НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Сэлбэ голын түшиц ханыг барьж дууссаны дараа бүх шороогоо зөөн, голын урсцаа сайжруулна. Бидний дараагийн ажил бол голын баруун талын түшиц хана барих юм. Уг ажил зарим асуудлаас болоод хугацаа сунгагдаад байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үер, усны асуудал маш их байлаа. Үүнээсээ сургамж аван бүх даланг стандартад нийцүүлнэ” гэдгийг онцлов.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд таван байршилд үерийн хамгаалалтын даланг шинэчилж, зарим байршил шинээр барьж байна. Тухайлбал, ХУД-ийн Жаргалантын аманд нэг км үерийн далан шинээр барьж байгаа бөгөөд ингэснээр АЕГ, Эх, нярай, эмэгтэйчүүдийн төв эмнэлэг үерийн эрсдэлгүй болох юм. Мөн өнгөрсөн жилийн үерээр Улиастайн гол орчимд хоёр байршилд үерийн хамгаалалтын далан эвдэрч, хавтангууд нь урссан. Дээрх байршилд үерийн хамгаалалтын даланг шинэчилж байна.


Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


