Үйл явдал
Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо орчимд хөрсний болон гадаргын усны системийн нэгдсэн төлөвлөлт хийнэ
Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо орчимд хөрсний ус ундарч, тухайн орчмын айл өрхүүдэд эрсдэл учруулаад байна.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт дээрх хороонд харьяалагддаг СӨХ-ны дарга нартай уулзаж, энэ онд багтаан хөрсний болон гадаргын усны системийн нэгдсэн төлөвлөлт хийхээр болсон юм.
Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороонд харьяалагддаг СӨХ-ны удирдлагын зүгээс дулааны улиралд орон сууцны суурийн давхруудад байнга ус нэвчиж байгаа. Мөн бороо ихэссэн үед насосоор гараашныхаа усыг шавхан гаргахаас өөр аргагүйд хүрч байгаа боловч шавхсан усаа зайлуулах газар байдаггүй тул эхний ээлжид эл асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн явган хүний замын бродюр, ус зайлуулах шугам хоолойгүй авто зам, орц, гарцын асуудлыг шийдвэрлэж өгөх хэрэгтэйг уламжлав.
Хотын дарга Х.Нямбаатар “Хөрсний усанд автаад буй гол шалтгаан бол бүх ус зайлуулах шугамыг тасалж, барилга барьсан явдал юм. Уг хороодод хөрсний усыг байнга зайлуулж, Сэлбэ гол руу хаядаг насос станц байгуулна. Хэрэв яг энэ хэвээр орхивол хөрсний усны түвшин дийлдэхгүй, энэ олон мянган айл өрхүүдийн барилгын бат бөх чанарт томоохон эрсдэл үүсэхээр байна. Иймд цаашид эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эхний ээлжид усны хайгуулын өрөм тавьж, түвшин тогтооно. Үүний дараа холбогдох тооцоо судалгааг гарган, зураг төсөл боловсруулж, 24 цагаар ус зайлуулдаг насос станц байгуулах ажлыг ирэх жилийн төсөвт суулгана” гэв.
Мөн хөрсний ус ундардаг гурван байршилд эхний ээлжид хөрсний усыг дундлах арга хэмжээ авна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо орчим, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо орчим, Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуурын орчмын асуудлыг шийдвэрлэхгүй бол 40, 50 мянгатын айлуудад эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгааг тэрбээр онцоллоо.
Тэрчлэн хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагуудад тухайн орчимд баригдаагүй удсан хашаалсан барилга, байшингийн суурь зэргийг эзэмшигчтэй нь зөвшилцөн, нөхөн олговор өгөх замаар чөлөөлөхийг үүрэг болгов. Ингэснээр “20 минутын хот” концепцийн хүрээнд төрийн үйлчилгээг илүү ойроос хүргэх төв байгуулахын зэрэгцээ нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулан, машины ил, далд зогсоолыг төлөвлөх, орц, гарцыг шийдвэрлэх зураг төслийн ажлыг эхлүүлэх юм.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2021/01/22
Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд
-
Үйл явдал2025/07/06
Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2022/10/27
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх Шуурхай штаб ажиллаж байна
-
Үйл явдал2022/05/27
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
