Дэлхий нийтээр..
Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээлээ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн 4 байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг 2024 оны есдүгээр сарын 14-ний өдөр нээлээ.

Нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээх үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэнд баярлалаа. Ялангуяа төслийг санхүүжүүлсэн БНХАУ-ын Эксим банк болон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн хамт олонд талархлаа илэрхийлье. 1949 онд Улаанбаатар хотод анхны төмөр зам байгуулагдсанаас хойш Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй нэг түвшинд байж ирсэн. Энэхүү төсөл болон 2024 оны арав, арваннэгдүгээр сард хийж хэрэгжүүлэх нүхэн гарцын ажлууд, 2025 онд хэрэгжүүлэх Дүнжингаравын уулзварын нүхэн гарцыг барьснаар цаашид Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүйгээр явах бүрэн боломж бүрдэнэ.
Ингэснээр Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ өсөхөөс гадна Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг тодорхой түвшинд бууруулах тооцоо судалгаа гарсан. Ажлыг гүйцэтгэх явцад бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлсэн БНХАУ-ын төмөр замын барилгын компанийн ажилчдад зарим бэрхшээл тулгарсан. Улаанбаатар хотын газар доорх мэдээллийн сангийн зарим мэдээлэл дутагдалтай байснаас шалтгаалж тодорхой цаг хугацаанд ажил хойшлох нөхцөл байдалтай тулгарч байсан. Гэсэн хэдий ч Улаанбаатар хот, гүйцэтгэгч компани болон төслийн нэгжийн хэрэгжүүлж байгаа байгууллагуудын ажлын уялдаа сайн байсны үр дүнд цаг хугацаа хожиж, чанарын өндөр түвшинд ажлыг гүйцэтгэлээ. Тухайлбал, Ус сувгийн удирдах газрын хамт олон бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллалаа. Нүхэн гарцыг барихад олон байгууллагын ажлын уялдаа холбоо чухал байлаа. Түгжрэлгүй Улаанбаатарыг хамтдаа бүтээцгээе” хэмээн хэллээ.

Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт юм. Мөн хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд хоёр түвшний огтлолцолтой. Нүхэн гарцыг бүрэн нээснээр хоногт 32,500 автомашин зорчих боломжтой болно.
Ийнхүү авто замын нэвтрүүлэх чадвар нь 22,9 хувиар нэмэгдэж, түгжрэл бууруулахад үр нөлөөгөө үзүүлэх юм. Төмөр замын 396 дугаар гармаар хоногт 53 галт тэрэг өнгөрч, нийт 2 цаг 48 минут орчим хугацаанд гармыг хаадаг байна. Цаашид хоногт 5-6 цаг уг гармыг хаах шаардлага үүсэхээр тооцоо судалгаа гарсан тул нүхэн гарцыг барьснаар авто замын урсгал галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүй болж байгаа онцлогтой. Төлөвлөгөөний дагуу Таван шарын нүхэн гарцыг аравдугаар сард бүрэн ашиглалДэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
