Дэлхий нийтээр..
Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа
Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. Нийслэл хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ өсөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ жил бүр ихсэж, хөрс, ус, агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж, улмаар иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Монгол Улс барилгын хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтыг барьж, төлөвлөсөн хугацаандаа буюу өнөөдөр ашиглалтад орууллаа.
Уг үйлдвэрийн байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлан ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдсэн. Тодруулбал, ландфиллын байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай бол барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах хүчин чадал өдөрт 100 тонн байна.
Нийслэлийн Засаг дарга “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичигт “Байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг аймаг, нийслэлд бүсчлэн байгуулах, хог хаягдлын төвлөрсөн эко байгууламжтай болно” гэж тусгагдсан байдаг. Эдгээр зорилт болон нийслэл хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ өсөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан, асуудлыг шийдэхийн тулд Морингийн давааны хог дахин боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн ачааллыг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хуучин хогийн цэгүүдийг хаах, нөхөн сэргээх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дахин боловсруулах боломжтой боллоо. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажилласан Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамт олон болон төсөл хэрэгжүүлэх нэгж, төслийн зөвлөх, гүйцэтгэгч компаниудад нийслэлийн иргэдийн өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээв.
Түүнчлэн төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлээд байна. Морингийн давааны хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг НЗДТГ-ын захиалгаар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилт болон Европын Холбооны буцалтгүй тусламжаар барьж байгуулсан юм.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес А.Такач “Европын сэргээн босголт хөгжлийн банк, Европын холбоо болон Өмнөд Солонгос улс, Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээн байгуулсан энэхүү дэд бүтцийн төслийн үр дүнд Улаанбаатар хотод амьдарч буй 1.7 сая гаруй иргэнд байгаль орчин, эрүүл ахуйн олон үр өгөөжийг авч ирнэ. Монгол Улсын үндэсний болон Европын холбооны байгаль орчны удирдамжийн дагуу баригдсан энэхүү байгууламж нь хотын хатуу хог хаягдлыг 10 жилийн турш байгаль орчин, эрүүл ахуйд аюул учруулахгүйгээр газарт булах боломжийг бүрдүүлж байна“ гэв.
Мөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Өнөөдөр бид Улаанбаатар хотод олон талын ач холбогдолтой шинэ байгууламжийн нээлтийг хийж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ байгууламж болон түүнийг дагасан дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон нь хотын хог хаягдлын менежментийн чадавх, дэд бүтцийн хувьд томоохон алхам боллоо. Ингэснээр Улаанбаатар хотын иргэд хог хаягдлыг илүү үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар боловсруулах байгууламжтай болж байна” хэмээн онцоллоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Тод зураг2020/03/12
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
-
Дэлхий нийтээр..2023/12/08
Газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн асуудлыг яаралтай шалгахыг За...
-
Дэлхий нийтээр..2024/02/16
БШУЯ: Анхаарал сэрэмжээ нэмэгдүүлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
-
Дэлхий нийтээр..2024/12/23
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
