Хэн юу хэлэв...
У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцол чухал
Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлыг угтсан Дээд хэмжээний олон талт хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудалд эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.
Тэр бээр, байгаль орчны гурван тулгуур асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах нь нэгэн цогц ойлголт, тус тусад нь авч үзэх боломжгүйг тэмдэглэлээ.
Цаашид бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Монгол Улс шинэчилсэн үүрэг, амлалтаа нэн яаралтай боловсруулан хүргүүлэх, ялангуяа ирэх оны төсөв, мөнгөний бодлого, хөгжлийн төлөвлөгөөг УИХ хэлэлцэж буй энэ үед Засгийн газар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого, үйл ажиллагаагаа үнэлж, төлөвлөхөд онцгой анхаарахыг санууллаа.

Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалт болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой тэмцэх зорилгоор “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Эрүүл монгол хүн” гэсэн харилцан уялдаа холбоотой үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж байгааг дурдлаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх үе шатанд дэлхийн улс орнууд, хөгжлийн түнш, олон улсын байгууллагууд улам идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриаллаа.
Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оноос хойш жил бүр Биологийн олон янз байдал, Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх асуудлуудыг зохицуулдаг РИО-гийн гурван конвенцын Талуудын бага хурлыг угтан оролцогч талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Энэ удаа хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, үр дүнгээ сайжруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд шаардлагатай гол асуудлууд, түүний дотор эрх зүйн шинэчлэл, салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалт, бодлого, төлөвлөлтөө сайжруулах талаар хэлэлцэх юм.

Хэлэлцүүлгээс:
- Хууль эрх зүйн орчныг сайжруулах,
- Салбар дундын зохицуулалтыг нэмэгдүүлэх,
- Санхүүжилт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
- Оролцогч талууд болон олон нийтэд нээлттэй байх,
- Олон талт гэрээ, хэлэлцээр, конвенцын өмнө хүлээсэн үүрэг, амлалтын тайлагналтыг сайжруулах зэрэг чиглэлээр зөвлөмж гаргана.
Мөн ирэх оны эхээр Биологийн олон янз байдал, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын Дээд хэмжээний уулзалтуудаас гарсан шийдвэр, Монгол Улсын оролцоог тайлагнасан хурлыг (PostCOP) зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хэлэлцүүлэгт Улаанбаатар хот дахь Дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагууд, төр болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, хүүхэд, залуучуудын төлөөлөл болох 70 орчим байгууллагын 180 гаруй хүн оролцож байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий хүнс, хөдөө аж ахуйн салбарт охид, эмэгтэйчүүд голлон ажилладаг нь тэдэнд илүү хүнд тусдаг.
Иймээс НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлсэн.
Мөн 2026 онд “Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенц”-ын Талуудын 17 дугаар бага хурал”, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Энэ онд:
- НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (UN CBD COP16): 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Колумби Улс, Кали хот,
- НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал (UNFCCC COP29): 2024 оны 11 дүгээр сарын 11-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улс, Баку хот,
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (UNCCD COP16): 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улс, Риад хотноо болно.


Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
