Дэлхий нийтээр..
Гамшгаас сэргийлэхэд санхүүгийн оновчтой механизмыг нэвтрүүлэх асуудлаар Дэлхийн банктай хамтарч ажиллана
Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай гамшгийн эрсдэлийг бууруулах, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний санхүүжилтийн асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехиун Ли тэргүүтэй албаны төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Энэ үеэр тэрбээр "Монголд төдийгүй дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ, хор хохирол жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа учраас гамшигт тэсвэртэй нийгмийг цогцлоох, дасан зохицож даван туулах, эрсдэлийг шилжүүлэх санхүүгийн тогтолцоог нэвтрүүлэхэд улс орнууд анхаарч эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын зүгээс Гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги болоод хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа энэ чиглэлд анхаарч, олон нийтийн оролцоог ханган, орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлж байна.Цаашид Гамшгийн эрсдэлийн нэгдсэн сан, Эрсдэлийн даатгал зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг илүү боловсронгуй болгох зорилгоор олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүгийн платформыг нэвтрүүлэх саналыг миний бие УОК-ын даргын хувьд 2024 оны Ази, Номхон далайн бүсийн сайд нарын бага хуралд илэрхийлсэн" хэмээн онцолсон юм.

Уулзалтаар Дэлхийн банкны зүгээс тус санаачилгыг дэмжихээ илэрхийлж, гамшгийн бэлэн байдал болон гамшгийн дараах шуурхай хариу арга хэмжээ авахад зориулж, Дэлхийн банкны санхүүжилтийн нийт багцын 10 хувийн зарцуулагдаагүй үлдэгдлийг ашиглах боломжтой гэдгийг хэллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2026/06/09
Пашиняны нам ялсан ч Арменийн гадаад бодлогын чиглэл тодорхойгүй хэвээр байна
-
Дэлхий нийтээр..2022/02/14
Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмжийг хэлэлцэв
-
Дэлхий нийтээр..2024/11/18
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг э...
-
Дэлхий нийтээр..2022/08/26
БНХАУ-ын Их, дээд сургуульд суралцагч оюутнуудын анхааралд
