Дэлхий нийтээр..
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаатай танилцав
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, санал солилцсон.
Тэрбээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар нь Монгол Улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, мал, амьтны тавлаг байдлыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн гэв.
Мал эмнэлгийн ерөнхий газар 43 ажилтантай, нийслэл, орон нутгийн 22 нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа ч хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал болсон гэв. Тухайлбал, 330 суманд 660 хүн ажиллах ёстой ч өнөөдөр 213 хүний сул орон тоо байгаа нь ажлын нөхцөл байдал хүнд, цалин бага байгаатай холбоотой гэв. Хэдийгээр улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар 1028 мал эмнэлгийн үйлчилгээний анхан шатны нэгжид 1500 орчим малын эмч ажиллаж байгаа ч нийт малын эмчийн 65 хувь нь 50-иас дээш насныхан байгаа нь залуус энэ ажлыг хийх сонирхолгүй болсонтой холбоотой гэлээ.
Тус танилцуулгад олон улсын жишгээр нэг малын эмчид 10 мянган толгой мал ногдох бол, монголд нэг малын эмчид 50 мянган толгой мал ногдож байгаа талаар дурдсан байв.
Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол батлагдсанаар мал эмнэлгийн салбарт эрс шинэчлэлийг хийж, үүний үр дүнд гоц халдварт өвчинтэй тэмцэх бодлого, вакцины худалдан авалтад томоохон дэмжлэг болж, гоц халдварт өвчнийг 70 хувиар бууруулсан гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, жил бүрийн төсвийн төслөөс хөдөө аж ахуйн салбарын төсөв, хөрөнгө оруулалтаас малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх урсгал зардлыг хассан байдаг тул цаашид эл салбарын лабораториудын оношлуур, техник хэрэгслийг шинэчлэх, боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах боломжийг хууль тогтоомжид тусгах талаар онцгой анхаарч өгөхийг Байнгын хорооны гишүүдээс хүсэж байлаа.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, малчдын амьжирааны эх үүсвэр болсон малыг эрүүлжүүлэх, улмаар мах, сүүний экспортыг нэмэгдүүлэх, эл салбарыг хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, холбогдох төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Байнгын хороо болон гишүүд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Мал эмнэлгийн салбарын боловсон хүчин, техник технологийн чадамж боломжийн түвшинд байгаа ч малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээг цаг тухайд нь хийж, салбарын үйл ажиллагааг жигдрүүлж чадвал махны экспортыг нэмэгдүүлж, малчдын орлого ч сайжирна. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега том төслийн 15 дахийг малын гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортыг нэмэгдүүлэхэд чиглүүлж болно. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар салбарын хэтийн төлөвийг том зургаар харж, бодитой бодлого боловсруулж, түүнд шаардлагатай санхүүжилтийн төсвийн саналаа 2026 оны төсвийг хэлэлцэхээс өмнө Байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.
Дараа нь Байнгын хорооны дарга болон гишүүд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Г.Гэрэлмаа улсын төсөвт үйлдвэрийн байгууллагын талаар товч танилцуулсан.
Тэрбээр, тус лаборатори нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд дэлхийн болон бүсийн лавлагаа лабориториудтай сүлжээ байдлаар ажилладаг гээд 21 аймгийн лабораториудад илрүүлэх түвшний шинжилгээ, төв лабораторид сорьц, дээжийг баталгаажуулах шинжилгээг хийдэг. Төв лаборатори олон улсад итгэмжлэгдсэн тул шинжилгээний хариу хөрш улс орнуудад хүчин төгөлдөр үйлчилдгийг онцолж байсан.
Тэрбээр, Европын холбооны зөвлөмжийн дагуу 2022 онд эмийн болон пестицидийн үлдэгдлийг илрүүлэх багажийг суурилуулснаар 53 үзүүлэлтээр шинжилгээний дүнг 12 цагийн дотор оношлох боломжтой болсон хэмээв. Тус лаборатори нь Ази, Номхон далайн бүс нутгуудад гарч буй Монгол Улсад аюул учруулах, хил дамжин орж ирэх эрсдэлтэй гоц халдварт 15 өвчин, ямааны годрон зэрэг шинэ болон сэргэж буй нийтдээ 30 орчим өвчнийг шинжлэхэд бэлэн байгаа гэлээ.
Харин тус лаборатори нь 1972 онд баригдаж, томоохон их засвар хийгдээгүй, ашиглалтын хугацаа дууссан тул өвлийн цагт хүйтэн, мөөгөнцөртдөг. Иймд шинжилгээний өрөөнүүдэд нэмэлтээр халаагуурууд тавьж үйл ажиллагаагаа явуулдгаас цахилгааны хүчдэл хүрэхгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг гэх мэтээр яаралтай шийдвэрлэх тулгамдсан асуудлынхаа талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан.
Тухайлбал, мал эмнэлгийн оношилгооны, био аюулгүй ажиллагааны 1-3 дугаар зэрэглэлийн стандартын шаардлага хангасан, олон улсын жишигт нийцсэн лабораторийн барилга шинээр барих, 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн сүлжээ лабораториудыг мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд хүнсний аюулгүй байдлыг тодорхойлох 7 төрлийн шинжилгээг хийж гүйцэтгэх бүсийн лавлагаа лаборатори байгуулах, өндөр мэдрэмтгий багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, одоо ашиглаж буй багаж хэрэгслийн тогтвортой, тасралтгүй ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн арчилгаа, засвар үйлчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт хангалттай хэмжээгээр тогтмол тусгаж, санхүүжилтийг шийдвэрлэх, Монгол Улсын хэмжээнд заавал хийгдэх малын өвчин, эмгэг, хүнсний аюулгүй байдлыг хянах 22 төрлийн тандалтын төсвийг албан ёсоор төлөвлөдөг болгох, хүний нөөц бэлтгэх, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж байлаа. Мөн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 3.5 тэрбум төгрөгийн төсвийн саналыг хүргүүлдэг ч жил бүр 1.3 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж ирдэг хэмээн Г.Гэрэлмаа захирал хэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, Монгол Улс дэлхийд хорт хавдраараа тэргүүлж буй энэ цаг үед 330 сум болон 1000 гаруй багийн Засаг дарга нарыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, үйл ажиллагаандаа тэднийг татан оролцуулах, и mongiolia-цахим системтэй малын гэрчилгээгээ уялдуулах зэргээр хөрөнгө, төсөвгүйгээр нэгдсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллах талаар санал хэлсэн.
Харин Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхэд тус лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн оношлуур, багаж хэрэгслээр хангах, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд салбарын яам холбогдох байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг гарган ажиллаж, Байнгын хороотой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, шаардлагатай бол Засгийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Дэлхий нийтээр..2023/07/27
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин БНСУ-ын судлаачдыг хүл...
-
Хэн юу хэлэв...2020/01/02
Цахим салбарын тэргүүн наадам “WEB AWARDS”-ын шилдгүүд тодорлоо
-
Дэлхий нийтээр..2020/07/28
Сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч байна
-
Үйл явдал2024/06/17
Наршилтаас сэргийлэх зөвлөмж
