Үйл явдал
Нийслэлд ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна
Дэлхийн олон улс орон сургуульд элсэж буй хүүхдүүдээ эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулж, хянах тогтолцоог бүрдүүлсэн байдаг.
Учир нь 5-6 насанд хүүхдийн холимог зуултын үе эхэлж шүд, амны хөндийн өвчлөлд өртөх эрсдэл нэмэгддэг тул энэ насанд нь эрт үеийн илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл ахуйг сахих мэдлэг, дадалтай болгож, хэвшүүлэх нь чухал гэж үздэг.
Манай улс энэхүү сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдаа нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж буй. Өнөөдрийн байдлаар уг эрт илрүүлгийн үзлэг нийслэлийн хэмжээнд 34 хувьтай үргэлжилж байна.
Үзлэгийн дүнгээс харахад нийт хүүхдүүдийн дийлэнх нь шүдний цооролттой байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нийслэлийн ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн 11 102 сурагч шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагджээ. Эдгээр хүүхдүүдийн 80.7 хувь нь шүд цоорох өвчинтэй байгаа бол 20 хувь нь шүдний гажигтай хэмээн оношлогдсон байна. Мөн хүүхдүүдийн 90 хувь нь шүдээ хангалттай сайн угаадаггүй болохыг эмч нар онцолжээ.
Эдгээр үзүүлэлтээр манай улс ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр “шүд цоорох өвчний тархалт өндөр” орны тоонд орж байна.
Энэ удаагийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын үзлэг нь эрт илрүүлээд орхих бус эмчилж, хяналтандаа авч байгаагаа онцлог. Тиймээс ЭМЯ-ны зүгээс дээрх шүдний цооролттой хүүхдүүдийг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ шүд угаалтыг сургуулийн орчинд идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2024/04/02
Хаврын их цэвэрлэгээг энэ сард зохион байгуулна
-
Дэлхий нийтээр..2023/04/03
3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дундговь аймагт боллоо
-
Дэлхий нийтээр..2024/11/15
“Хубилай хааны усан флот” дурсгалын зоос худалдаанд гарлаа
-
Дэлхий нийтээр..2023/04/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаар...
